Нийгэм
Үнэ гүйцэгдэхээ болилоо

60 мөр
Бараа бүтээгдэхүүний үнэ ёстой л тэнгэрт хадлаа. Элдэв өвчин, өрнөдийн орноос Оросын эсрэг тавьсан хориг, Украин дахь дайны нөлөөлөл байгаа гэхэд “Монголд үйлдвэрлэдэг” сүүний үнэ 4000 давлаа. Махны үнэ 13 мянган төгрөгт хүрлээ. Айлууд махаа худалдан авч дийлэхгүй болж мах зарж борлуулдаг хүнсний захын наймаачид “ажилгүй болоход” хүрлээ. Бараг 70 сая малтай Монгол улс шүү дээ.
Ард түмнээ гар газар, хөл хөсөр жаргаана хэмээн төр засгийн бүхий л эрхийг аваад барьж суугаа МАН-ын эрх баригчид юу ч хийж чадахгүйгээ чин үнэнээр хэлээд хоёр гараа өргөөд сууж байна.
Энэ намаас томилогдсон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тэргүүн нь “Манай байгууллага үнийн өсөлтийг хариуцдаг байгууллага биш” гэж ичих ч үгүй хэллээ..
МАН-ын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нь “Өргөн хэрэглээний хүнс, шатахууны үнэ бусад улстай харьцуулахад харьцангуй доогуур байгаа шүү” гээд сууж байна. Ингэхдээ тэр цалин тэтгэвэр нь бусад улсынхтай жишихэд ичмээр байгаа талаар ганц үг ганхийлгэсэнгүй.
Зургаан жилийн яг өмнө 2016 оны дөрөвдүгээр сард энэ МАН-ын нэгэн яруу найрагч эрхэм 1700 ширхэг нэгтийн дэвсгэр, нэг ам.доллартай барьчихаад индэр дээрээс “Нэг доллар 17 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцэж байна шүү дээ” гээд уйлаг алдан хашгирч байсан нь хэвлэлийн шар хуудсанд гэрэл зураг, дүрс бичлэгтэйгээ дурайж байхад өнөөдөр ганц доллар 3027 төгрөгт хүрлээ. МАН эрх барьсан зургаан жилийн хугацаанд бараг нэг дахин нэмэгдэж 30 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцдэг болж. Өнөөдөр тэр эрхэм УИХ-д суухын зэрэгцээ түүх гуйвуулсан кино бичиж, өөрөө тоглоод хэдэн жилийн өмнө хэлж байснаа мартчихсан явж байна.
Энэ намын нэг эрхэм бас л “Ард түмэн НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа” хэмээн мэдэгдээд олны эгдүүцлийг төрүүлээд авлаа. Юу ч худалдан авч чадахгүй байгаа иргэдэд хэн хаанаас НӨАТ-ын буцаан олголтын хувь өгдөг болж байна хэмээн олон хүн хэлж, бичиж байна.
Хууль тогтоох байгууллага, парламентын нь спикер Г.Занданшатар бас дуугүй суусангүй “Ард түмэн хэт тансаглаж байна. Хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэсэн суут үгээ тунхаглав.
Хариуд нь олон нийтийн сүлжээнийхэн “Төр өөрөө хэмнэлтийн горимд шилжинэ үү. Хөшөөнүүдээ болино уу, Том жипнээс татгалзана уу, дэд сайдуудаа зайлуулна уу, Төрийн албаны сул орон тоогоо цомхотгоно уу, зөвлөх туслахуудынхаа хангамжийг хасна уу, үр дүнгүй хурал чуулганаа болино уу, Хөгжлийн банкны дээрэмчдээс мөнгөө авна уу” гэж байна.
Үнэхээр ард түмэн модоо барьж, эрх баригчид хэт тансаглаж байгаа нь олны эгдүүцлийг төрүүлсээр байгаа нь нууц биш….Хэмнэлтийг эрх баригчдаас, дээрээсээ эхэлмээр л байна шүү.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.