Нийгэм
Улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул онолын хувьд хямрал руу орчихлоо гэсэн үг

Анхаарал татсан асуудал
Улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул онолын хувьд хямрал руу орчихлоо гэсэн үг
АХБ жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн тайлангаа өчигдөр танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлвийг нарийвчлан танилцууллаа. Дэлхийн банк бүс нутгийн эдийн засгийн тайлангаа түүний урьд өдөр танилцуулсан юм. Энэ тайланд ДНБ энэ онд суурь төсөөллөөр 2.5 хувиар өсөх тооцоололтой, сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувь өснө гэсэн юм.
АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий дараах мэдээллийг өглөө:
-Азийн орнуудад Засгийн газрын татварын орлого ковидоос өмнө өссөн ч эргээд буурсан. Иймд татварын орлогыг бүрэн цуглуулахад анхаарах, татварыг оновчтой болгох шаардлагатай. НӨАТ татварын гол эх үүсвэр тул энэ татварыг сайн ашиглах ёстой. Хувь хүний болон хөрөнгийн татварыг өндөр орлоготой иргэдэд тохируулан өсгөх боломжтой. Байгаль орчин, хатуу түлшний татварыг бүрэн хураах чадавх сул байна. Байгаль орчны төлбөр, татварт ногдуулах татварыг оновчлох шаардлагатай. Татвар төвлөрүүлэх шинэчлэл хийх нь амаргүй ч хэрэгжүүлэх боломжтой. Манлайлал, олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж болно. Үүнд технологийн шинэчлэлийг ашиглаж болно.
Ахлах эдийн засагч С.Болд:
-Одоо та бүхэнд танилцуулах төсөөллийн мэдээллийг өнгөрсөн сарын 9-ний өдрийг хүртэлх мэдээллийг ашигласан. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл огцом өөрчлөгдлөө. Урд хөршийн боомтууд хаагдсанаар барааны нийлүүлэлт тасалдсан хэвээр байна. Хил хаалттай үед бид амьдарч байна. Нүүрсний экспорт (биет хэмжээгээр) байнга буурлаа.
Геополитикийн эрсдэл Монгол төдийгүй бүх улсад нөлөөлж байна. 1985 оноос хойших хоёр дахь удаа ийм том эрсдэл бидэнд тулгарлаа. Өнгөрсөн онд бидэнд ийм эрсдэл байгаагүй. Бид яг нэг жилийн өмнө эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд хүрнэ гэж таамагласан.
Энэ оны эхний улирлыг өнгөрсөн оныхтой харьцуулав. Өнгөрсөн онд вакцинжуулалтаас их зүйл хамаарч, бүх нийтийн эрүүл мэндэд илүү анхаарч байв. Одоо цар тахлын хүрээ хумигдсан, вакцинжуулалт амжилттай хэрэгжив. Үйлчилгээний салбар тэлэх боломж бүрдсэн. Засгийн газар эдийн засгийн бодлогоо эргэн харж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 1.4 хувиар эдийн засаг өсөхөд нөлөөлсөн. Гэвч одоо эдийн засгийн бүх салбар тодорхойгүй болов.
Энэ онд өрхүүдэд үзүүлдэг дэмжлэгийг бууруулна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш манай гадаад худалдаа томоохон сорилттой тулгарсаар байна. Иймд эдийн засгийн зөв бодлого явуулах ёстой. Экспорт өсөх, эсэх нь тодорхойгүй байна.
Дараагийн нэг асуудал нь инфляц 14 буюу маш өндөр байна. Жилийн өмнө 2.5 хувь байв. Азийн орнууд дунд Монгол хамгийн өндөр инфляцтай хоёр дахь орон боллоо. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Жилийн өмнө 7 сая ам.долларын ашигтай байв. Валют их хэмжээгээр гадагшиллаа. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа тул төсвийг эргэн харж, зардлаа танана. Эсвэл шинэ эх үүсвэр олох хувилбар бий.
Бидэнд судлах шаардлагатай олон хүчин зүйл бий боллоо. Эдийн засаг их адармаатай болов. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 1.4 хувь буюу бага өсөлт гарахад нөлөөлсөн. Гурван улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул бид онолын хувьд хямрал руу орж байна.
Инфляц өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурлаа. Инфляц өндөр байхад эдийн засгийн өсөлт хүлээх боломжгүй. Энэ өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд ч үргэлжилж, энэ онд өндөр хэвээр байна. Ирэх онд инфляц 9.33 хувь байна гэж тооцооллоо.
Одоогоор улсын төсвийг тодотгоно гэж мэдэгдээгүй байна. 2020 оноос төсвийн алдагдал буурсан ч сорилт хэвээр байна.
Энэ онд болон ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онуудтай ижил байна. Үүнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ. Ирэх онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудад болгоомжтой ханддаг.
Гаднын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр байна. Иймд ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өснө, боломж хумигдана. Багцын хөрөнгө оруулалт Азийн орнуудад (БНХАУ-аас бусад) буурч, гадагшилж байна. Хөдөлмөрийн зах зээл сэргээгүй, ажил эрхлэлт өссөнгүй. 1994 оноос хойш өнөөг хүртэл манай улсын ажиллах хүчний оролцооны түвшин хамгийн бага байна. Энэ нь өрхийн хэрэглээнд нөлөөлдөг.
Засгийн газар төсвийн зардлаа хумина гэж найдаж байна. Ингээд энэ онд 2.3, ирэх онд 5.6 хувиар эдийн засаг өснө гэж тооцооллоо. Ирэх онд хилийн гацаа саад, хилийн боомтын үйл ажиллагаа одоогийнхоос сайжирна, жигдэрнэ гэж эергээр үзсэн. Иймд экспорт өснө, төлбөрийн тэнцлийн алдагдал буурна. БНХАУ-ын “Тэг ковид” бодлого шууд нөлөөгөө үзүүлсээр байх болно.
Төв банк санхүүгийн зуучлал (зээл олголт), төлбөр тооцоог хэвийн явуулахад анхаарах ёстой. Зээл олголт 20 хувиар өссөн бол энэ хурд саарна. Манай улсад тулгарч болзошгүй өр төлбөр нэмэгдэх эрсдэл байна. Учир нь манай улсад санхүүгийн эх үүсвэр ихээхэн шаардлагатай. Энэ эх үүсвэрийг олон сувгаар шийдэж болно. Зээл олголт 20 хувиар өссөн ч чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүд өндөр хувийг эзэлжээ. Төв банкнаас хэрэгжүүлсэн актив ангиллын журмууд энэ онд дуусгавар болно.
Хөгжлийн банк 900 сая ам.долларын гадаад эх үүсвэрээ эргэн төлөх үүрэгтэй. Энэ мөнгийг яаж төлөх нь тодорхойгүй байна. Засгийн газар өрийг дахин санхүүжүүлэх нь одоогийн нөхцөлд илүү тохиромжтой.
АХБ-ны тайлангаас харахад манай улс эдийн засгийн хямрал руу нэлээд гүн орсон нь тодорхой боллоо. Тиймаээс эрх баригчид тэр тусмаа Засгийн газар хэмнэлтийн бодлогоо тодорхойлж дэс дараатай сайтар хэрэгжүүлэхгүй бол энэ улс орон элгээрээ хэвтэх нь байна шүү.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.