Нийгэм
Манай улсын инфляцийн 21 хувийг мах, гурил эзэлдэг бол 30 хувийг нь шатахуун эзэлж байна

Хэдэн жил үргэлжилж, одоо ч аюул нь бүрэн намжаагүй байгаа цар тахал дэлхий нийтийг хөмөрсөн. Гэтэл эл өвчнийг залгаад дэлхийн гоеполитикийн томоохон асуудал үүсэж Оросын холбооны улс Украинд дайн зарласнаас үүдэн дэлхийн нийтээрээ хүнс, шатахууны хомсдолд ороход ойрхон байна. Мэдээж хамгийн чухал нь хүнсний хомсдол. Яг ийм үед Засгийн газраас яаралтай горимоор Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан.
Ингэхдээ Засгийн тэргүүн “Дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байна” хэмээн хэлж байлаа.
Үүнээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг энэ онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан хоёр жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон. Ингэхдээ Засгийн газраас нийт зээлийн 7.65 нэгж хувийн хүүгийн татаас үзүүлнэ. Учир нь мах, гурилын үнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс ийм арга хэмжээ авсан юм. Ингэхдээ энэ 400 тэрбум төгрөгийн зээлээс 100 тэрбум төгрөгийг газар тариалангийн салбарт, хүнсний ногоочдод 50 тэрбум, ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг гэх мэтээр хуваасан. Нэг ёсондоо бүгдэд нь боломжийн хэмжээгээр зээл олгохоор хувиарласан гэсэн үг.
Үүнээс гадна нөөцийн мах бэлтгэл байна. Малынхаа тарга тэвээргээс шалтгаалан жил бүрийн хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл монголчууд тэр бүр малаа муулаад байдаггүй. Харин өнгөрсөн намар нь тарга хүч сайн байхад нь бэлдсэн нөөцийн махыг худалдаанд гаргаснаар сүүлийн жилүүдэд хаврын хаварт махны үнийг зохих түвшинд нь барьсаар ирсэн.
Энэ жил ч гэсэн нөөцийн мах 7100-8900 төгрөгөөр зарагдаж байгаа нь нэмүү өртөг шингэсэн үнэ гэдгийг холбогдох яамнаас нь өгч байсан. Мах бэлтгэлд манай улс өнгөрсөн намар 100 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл аж ахуйн нэгжүүдэд олгож, төрөөс 7.65 хувийн хүүгийн татаас арилжааны банкуудад олгосон. Гэтэл саяхан Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болсон учраас энэ жил гаргаж байгаа дээрх зээлд төрөөс 10.65 хувийн хүүгийн татаас төлөхөөр болно гэсэн үг.
Орос, Украины асуудлаас үүдэн дэлхий нийтэд хүнсний хомсдол үүсэх магадлалтайг судлаачид байгааг дээр хэлсэн. Учир нь дэлхийн улаанбуудайн 30 хувийг ОХУ, Украин хоёр нийлүүлдэг бол наранцэцэгийн тосны 50 хувийг дангаараа хангадаг. Энэ хоёр улсын асуудал хэзээ хэвэндээ орох нь тодорхой биш байгаа дээр Франц улсад ган нүүрлэж, Герман улс гурилын дутагдалтай байгаа нь энэ аюулын магадлалыг өндөрсгөж байгаа юм.
Харин яг ийм хэзээ мөдгүй хомсдол үүсчихэж мэдэхээр байгаа энэ цаг үед мах, гурил, хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахыг зорихоос гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хуулийг батлах зайлшгүй шаардлага үүсээд буй. Манай улсын инфляцийн 21 хувийг мах, гурил эзэлдэг бол 30 хувийг нь шатахуун эзэлж байгаа нь ч тухайн хуулийг батлах шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.