Нийгэм
Сайдууд хуулийн төслөө өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (цаашид “Ерөнхий хэлэлцээр” гэх)-ийг 2016 оны тавдугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Энэ нь хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх анхны бүс нутгийн хэлэлцээр болсон юм. Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгохын зэрэгцээ хууль, дүрэм журам сахих явдлыг сайжруулах үүднээс худалдааны холбоотой цахим өгөгдөл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон дэд бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбоо, уялдааг хангахад оршино. Цаасан хэлбэрээс цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, хүртээмжтэй болгоно.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 59 конвенц, гэрээ, хэлэлцээрийн нэг болох жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)” нь НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын ивээл дор 1962 онд анх боловсруулагдаж, 1976 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Уг хэлэлцээрт ЕХ-ны гишүүн улсууд, ОХУ, Казахстан, Албани, Армен, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекстан зэрэг 50 гаруй улс нэгдсэн бөгөөд хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм. Хэлэлцээрээр мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг зохицуулах бөгөөд жолоочийн ажил, амралтын цагийг хянах төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, угсрах, турших, хянах техникийн шаардлагуудыг тогтоож, хэрэгжүүлэгч байгууллагуудын жолоочийн ажлын цагийг шалгах шаардлагуудыг тодорхойлсон. Хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хууль, эрх зүйн орчин сайжрах, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөж, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллах боломж бүрдэж, жолоочийн ядрах, сульдах зэрэг бие физиологийн байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурч, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл
Хүний эрүүл мэнд болон хүнс хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд “зохицуулах үйлчлэлтэй” гэсэн тодотголтой шинэ нэр төрлийн хүнс бий болж байна. Дэлхий дахинаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2017 онд дэлхийн хэмжээнд “зохицуулах үйлчлэлтэй” хүнсний борлуулалт 147 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт 2024 он гэхэд 253 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг олон улсын судалгаануудад дурдсан байна.
Манай улсад энэ төрлийн хүнсийг тодорхой хэмжээгээр импортолж, дотоодын үйлдвэрүүд зохицуулах үйлчлэл бүхий хүнсний чиглэлээр судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Гэвч тухайн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулсан байдал нь харилцан адилгүй байна. Иймд зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл нь дөрвөн бүлэг 15 зүйлтэй.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрчээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол, газрын доройтол, цөлжилт эрчимжиж, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байна. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах үүрэг, чиглэлийг өгсөн. Иймд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгажээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолын II хавсралтаар баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.4 дэх зорилтод “Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.” гэж заасан. Мөн Коронавируст халдвар цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолд “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан.
Иймд хуулийн төсөлд,
-Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батлах; -Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авах; -Иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд нэг жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудал; -Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох; -Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох; -Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болох; -Төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах; -Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журамд холбогдох өөрчлөлт оруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ