Нийгэм
Ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд “Банкууд Монголын ипотекийн корпорациар /МИК/ дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байсан. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг” гэж мэдээлсэн. Тэгвэл МИК-иас өнөөдөр /2022.04.18/ мэдээлэл хийлээ.
МИК-ын гүйцэтгэх захирал Б.ГАНТУЛГА:
-2004 онд байгуулагдсан Засгийн газар тухайн үед 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарласан. Улмаар МИК-ыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Дээрх банкуудаас өнөөдрийн байдлаар таван арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Нийт төрийн өмчит компаниудад 17.3 хувийг олгодог. Үүн дотроо Хөгжлийн банк, Төрийн банк ордог. Үлдсэн 82 хувийг хувийн хэвшлийн компаниуд эзэлдэг бөгөөд үүнээс зургаан банк бусад нь ААН-үүд байна. Үүнээс гадна 190 иргэн манай компанийн хувьцааг эзэмшдэг. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү нь 8, 6, 5 хувьтай нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.
Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.
Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл 8, 6, 5 хувийн зээлээр орон сууцтай болж чадсан.
Зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн зээл нийт ипотекийн зээлийн 20 хувийг эзэлдэг. 80-аас дээш метр кв талбай бүхий байр авах гэсэн, Төв банкны тавьсан шалгуурыг хангаагүй иргэд авдаг зээл юм. Ипотекийн зээлийг олгосноор барилгын салбараас гадна цахилгаан бараа, гэр ахуй гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг.
2013 оноос хойш Улаанбаатар хотод 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Ипотекийн хөтөлбөр эхэлснээс хойш нийслэлийн орон сууцны 60 хувь шинээр бий болсон.
Төв банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө банкууд ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байсан. Шадар сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан. Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм.
Дахин хэлэхэд ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.