Нийгэм
П.Хашчулуун: Бодлогын хүү, бусад үнийн өсөлт бүгд хоорондоо холбоотой
Улс орны эдийн засаг хүндрэлтэй, үнийн өсөлт ихтэй энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олговол иргэдэд ашигтай эсэх мөн Засгийн газраас сүүлийн үед авч байгаа арга хэмжээ, шийдвэр хэр бодит байгаа талаар эдийн засагч П.Хашчулуунаас тодрууллаа.
-Засгийн газраас НДШ төлдөг зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох санал гаргасан. Гэтэл малчид болон хувиараа бизнес эрхлэгчдийг 3-5 хувиар төлөгч болгоод өгөөч, бидэнд битгий ачаа нэмээч гэж зарим эдийн засагч хэлдэг. Энэ тал дээр Таны бодол?
-Манай улсын нийгмийн даатгал бол социалист үеэс бий болсон тогтолцоо. Бид сурах, эмчлүүлэх, тэтгэвэр авах эрхтэй гэдэг нь хүмүүнлэгийн талаасаа зөв. Тухайн үедээ ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй ч хувь хүртэх нь зүйтэй гэсэн санаа. Санхүүгийн талаас гэхээр НДШ төлдөг байгууллагууд нь харьцангуй цөөхөн, хувиараа ажиллаж тэндээсээ төлж байгаа нь бүр цөөхөн. Тэгэхээр тэр мөнгө улам багасаад, нөгөө талаасаа улстөрчид маань сайн сайхныг бодоод хүмүүст тэтгэврийг нь өгөх гээд байдаг. Энэ хоёрын хооронд улам их зөрүү үүсээд, эсвэл алдагдлыг нь нөхөх ёстой болдог. Алдагдлын хэмжээ нь явсаар байгаад асар их болно гэдэг тооцоо гарсан байгаа эсвэл тэтгэвэр өгөхөө багасгах юм уу гэхээр одоогийн энэ үнийн өсөлт, инфляцийн үед тэр нь бас боломжгүй. Тэгэхээр ийм шийдвэрүүд хоёрын хооронд л болчихож байгаа юм. Нэг талаасаа аргацаасан, нөгөө талаасаа хүмүүст таалагдах гэсэн дүр зураг л харагдаад байгаа юм. Яг үнэн хэрэгтээ бол манай тэтгэврийн тогтолцоо санхүүгийн хувьд нэлээн хүнд байдалтай байгаа учраас сүүлийн хоёр жил шинэчилье гэж байна. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч түүнээсээ хүртэх хувийг бүрэн хүртэж чадахгүй байгаа. Хэрвээ өөрсдөө НДШ-д төлж байгаа мөнгөө банкинд хуримтлуулбал тэрнээс илүү хүү авах нь ойлгомжтой. Магадгүй түүнийгээ бүр хугацаатай хадгаламжинд хадгалууллаа гэхэд илүү өндөр хүү авна. Гэтэл иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төр нь аваад алдагдалтай банкинд хийчих жишээтэй.
-Хувийн хэвшлийнхэн даатгал руу орвол яах бол?
– Сүүлийн үед хувийн хэвшлийнхэн даатгал руу орж, шимтгэлийг эргэлдүүлээд зөв зохицуулалт хийвэл ямар вэ гэсэн хуулийн төслүүд явж байна. Мэдээж, үүнийг хувь хүн зөвшөөрөх ёстой ч тодорхой эрсдэлүүд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс энэ нь нэг удаагийн асуудлаар шийдэгдэх асуудал биш, аажмаар зах зээлийн жам руу орох байх. Ер нь бол засаглал их сайн байх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл маань яагаад тийм алдагдалтай банк руу орчихсон, түүнийгээ яаж гаргаж авах вэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна.
-Улстөрд хамгийн идэвхтэй буюу сонгуульд сайн оролцдог малчид, тариаланчдын саналыг авахын тулд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгаач” гэдэг саналыг улстөрчид албадаж чадахгүй байна. Шударга ёсны зарчмаа харвал энэ хүмүүс шимтгэлээ төлөөд, төлснийхөө дараа тэтгэвэр авах нь зүйн хэрэг. Энэ дээр та юу гэж хэлэх вэ?
-Энэ бол яахын аргагүй үнэн. Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс нь цөөхөн, төрийн албан хаагчид, багш, эмч, гэрээт ажилтнууд л байна. Яг үнэн хэрэгтээ хувийн хэвшлийнхний 60-70 хувь нь худалдаа, наймаа эрхэлдэг улсууд тэр бүр төлдөггүй, малчдын хувьд төлөх нь бага. Ер нь ний нуугүй хэлэхэд 2-3 мянган малтай малчид, мөн хэдэн зуун саяар нь мөнгө эргэлдүүлдэг уяачид, бөхчүүд гээд хэдийг төлдөг нь тодорхой биш. Ихэвчлэн гэрээгээр ажилладаг хүмүүс НДШ төлдөг. Бусад нь шимтгэл төлдөггүй боловч нас нь болоод ирэхээр бүгд тэтгэвэр авдаг. Иймээс ачаалал нь их тэгш бус хуваарилагддаг гэж хэлж болно. Үүнийгээ аль болох жигдрүүлэх хэрэгтэй. Яваандаа ийм тогтолцоо руу орох болов уу.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломж байна уу?
-Нийгмийн даатгалын сан ийм их алдагдалд ороод байгаа, дээрээс нь байнга тэтгэврийг нэмнэ гэхээсээ өмнө эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж ярихгүй байна. Санхүүгийн хувьд үүнээс илүү сайныг хэрэгжүүлэх ёстой байх. Нийгмийн талаасаа авч үзэхэд тэтгэврийг бүх хүмүүст өгөх нь буруу зүйл биш. Гэхдээ яагаад наймаачид, уяачдаар төлүүлж болдоггүй юм бэ, тэр бүхнийг үнэхээр хянаж чаддаггүй юм уу гэсэн асуудал байна.
–Орон сууцны үнийн өсөлтийн тухайд Та ямар бодолтой байна?
-Манай улсад болон дэлхий даяар болж байгаа үнийн өсөлт, түүн дээр энд тэндгүй гацаж, доголдож байгаа ачаа, тээврийн зардал их өсч байгаа нь нөлөөлж байна. Манайх үйлдвэрлэлээрээ 100 хувь хангаж чадахгүй байгаа учраас гаднаас заавал импортын бараа авч байгаа. Түүнд ханшийн өөрчлөлт, тээврийн зардал, хилийн гацаа зэрэг янз бүрийн нөлөө байна. Нөгөө нөлөө нь орон сууцны зардлыг бууруулах боломж байна уу гэвэл тодорхой хэмжээгээр байгаа. Ер нь барьж байгаа тооцоон дотор барилгын компанийн ашиг бас байгаа байх. Харин бусад нь төсвөөрөө л гарч байгаа. Төсвийн зардлыг бууруулна гэдэг чанаргүй материал оруулна, эсвэл өөр нэг аргаар тойрч гарна гэсэн үг л дээ. Магадгүй цахилгааны холболтын болон замын гээд холбогдох зардлуудыг улс даавал хувь хүнд ачаалал арай бага очиж болно, тийм боломж байгаа. Гэхдээ өнөөдрийн манай нөхцөлд тийм юм байхгүй, голдуу төр өөрөө орон сууц бариад, хямд үнээр санал болгодог. Хямд үнээр авах хэрэгцээ их байгаа учраас дунд нь сугалаа явуулах ч юм уу, цөөхөн хэдэн хүмүүст боломж олдож байна. Тэгэхээр манай улсын хувьд санхүүгийн боломж нь ийм сул, даац муутай байна гэсэн үг.
-Энэ жилийн хувьд хилийн байдал дээрдэхгүй юм шиг. Урт хугацааны бодлогын өндөр хүүтэй энэ байдал ирэх жилийн хувьд ч үргэлжилбэл ипотекийн зээлийг санхүүжүүлэх, түүний хүүнд нөлөөлөх эрсдэл нэмэгдэх үү?
-Бодлогын хүү, бусад үнийн өсөлт бүгд хоорондоо холбоотой. Яг одоогийн бодлогын хүүгийн өсөлт ипотектэй холбоогүй. Угаасаа төгрөгийн ханш асар хүчтэй унах гээд байгаа, унаад байгааг зогсоох оновчтой арга хэмжээ авах хэрэгтэй. Мэдээж ипотек дараагийн байдлаар нөлөөлж эхэлнэ. Яг өнөөдөр, маргааштаа нөлөөлөх юм байхгүй. Эдийн засгийн байдал тогтворжоод, төгрөгийн ханш чангараад, ам долларын урсгал нэмэгдээд ирвэл Монголбанк хүүгээ нэмээгүй ч төгрөгийн ханш чангарах боломж байгаа. Гэхдээ мөрөөдсөнөөр болохгүй, Засгийн газар сайн ажиллах ёстой. Экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, ер нь долларыг Монголд оруулж ирэх нь чухал. Доллар элбэг болбол төгрөг яваандаа чангарна. Харин тэр үед нэг сайн тал нь юу гэхээр та бидний орлого төгрөгөөрөө өсөхгүй, доллараараа нэмэгдэх явдал гардаг.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ