Эдийн засагч Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг тодрууллаа.
-ОХУ, Украины хооронд үүссэн асуудалтай холбоотойгоор манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх эрсдэл байгаа вэ. Дэлхийн банк манай улсын эдийн засгийн төсөөллийг гаргасан. Энэ нь цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж хэр өөрчлөгдөх бол?
-Манай улсын эдийн засагт гурван том эрсдэл бий. Нэгдүгээрт, байгаль цаг уурын эрсдэлтэй. Олон улсын байгууллагын тайланд ч энэ тухай дурдсан байдаг. Ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд болоход хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар нэрвэгдэнэ.
Хоёрдугаарт, манай улс түүхий эдээс маш өндөр хамааралтай. Түүхий эдийн үнэ өсөхөд манай экспорт 9 тэрбум ам.доллар болоод үнэ буурахад дагаад савладаг.
Гуравдугаарт, Геополитикийн нөхцөл байдал юм. Эдийн засгийн хэмжээ нь 14 тэрбум ам.доллар. Бид их мөнгөтэй улс гэж хөөрцөглөх боломж байхгүй. Харамсалтай нь манай улстөрчид үүнийг мэддэггүй юм шиг улсын төсвийн мөнгийг аймар их юм шиг боддог. Бид эдийн засгийн эрсдэл бүхий дээр дурдсан гурван хамаарлыг огт мартаж болохгүй.
Манай бизнесийн мөчлөг маш богино. 2000 оноос өмнөх бол өөр түүх. Тэр бол шилжилтийн эдийн засаг. 2000 оноос хойш манай эдийн засаг арай дээрдсэн. 2006 оноос нүүрсээ экспортолж, эдийн засаг огт өөр болов. Үүний дараа эдийн засгийн мөчлөг 3-4 жил болж, түүхий эдийн үнэнээс бүр их хамааралтай болсон.
Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг бий. Гэтэл бид дандаа өнгөрсөнд тулгуурлаж боддог. Ирээдүй цаг дээр боддог хувь хүн, институц ч ховор байна. Засгийн газар, УИХ ч өнгөрсөн ба одоо цагт анхаарч ажилладаг. Ирэх онуудын тухай Монголбанк, Сангийн яам эдийн засгийн агуулгаар нь ярьдаг. Маргаашийн тухай, ирээдүйн тухай нухацтай ярихгүй байгаа болохоор бид алдаад байна. Үргэлж түүхий эдтэй байх юм шиг, үргэлж 9 тэрбум төгрөгийн экспорт гарах юм шиг бодоод байдаг. Гэтэл харамсалтай нь тийм биш.
Дэлхийн банк зэрэг том байгууллагаас манай улсыг эдийн засагт нөлөөлж буй суурь шалтгаануудаа зас гэж зөвлөдөг. Тэдэн тэрбумын орлого гэж мөрөөдлийн жагсаалт шиг зүйл бичсэнээс манай эдийн засгийн төв байгууллагууд харж байгаа өнцгөө өөрчилж, олон улсын байгууллагын зөвлөмжийг харахгүй бол бид алдаагаа засаж чадахгүй.
Одоо үүссэн улс төрийн, геополитикийн үйл явдал, асуудал дуусаад бүх юм сайхан болно гэсэн зүйл байхгүй. Үүнтэй зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлт ч өрнөж буй. Энэ нь ирээдүйд нэг дугаарт байх асуудал болно. Бид урагшаа харж алхах хэрэгтэй.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Тэгээд дүгнэлтээ гаргасан. Үүнд “Яаж экспортоо нэмэх вэ, хилийн боомтуудын гацааг арилгах вэ” гэдгээр хуралдсан. Чухал юм шиг мөртлөө харж байгаа өнцөг нь маш богинохон байна. Ерөөсөө хоёр сарын асуудал л ярьж байгаа юм.
Гэтэл Дэлхийн банк зэрэг том байгууллагаас манай улсыг эдийн засагт нөлөөлж буй суурь шалтгаануудаа зас гэж зөвлөдөг. Тэдэн тэрбумын орлого гэж мөрөөдлийн жагсаалт шиг зүйл бичсэнээс манай эдийн засгийн төв байгууллагууд харж байгаа өнцгөө өөрчилж, олон улсын байгууллагын зөвлөмжийг харахгүй бол бид алдаагаа засаж чадахгүй.
2017 онд ОУВС-ийн санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд манай эдийн засаг гурван жил хөл дээрээ зогслоо. Ийм байж бие даасан эдийн засагтай мэт авлигын замаар үрэлгэн байх шаардлагагүй. Үүний жишээ нь соёлын төв, хөшөө зэрэг бүтээн байгуулалтууд юм. Бидэнд тодорхой зорилго хэрэгтэй. Ойрын таван жилд боомт, дэд бүтцийн асуудлаа шийдэх нь ноймор нэг зорилт байх ёстой. Үүнийг арваад жилийн өмнө Дэлхийн банк анхааруулж л байсан. Гэтэл манай улстөрчид гарч ирээд “Би мэднэ. Соёлын төв, хөшөө барина” гээд зүтгэчихдэг. Соёлын төв барилаа гэж буруутгаагүй. Гэхдээ 1980 оны Соёлын төвийг нурааж шинээр бариад, зөөлөвчтэй сандал байрлууллаа гээд юу өөрчлөгдөх вэ. Юу ч өөрчлөгдөхгүй хэрнээ зардал нэмэгдэнэ. Соёлын төвөөр дамжуулахгүйгээр иргэдэд мэдээлэл дамжуулах өчнөөн олон суваг байна. Гэтэл бид 20-р зууны сэтгэхүйгээр сумын хүмүүсийг нэг дор цуглуулж байгаад хурал цуглаан хийдэг. Соёлын төв хэрэгтэй газраа байж болно. Гэхдээ нэн хэрэгцээтэй зүйл нь цэцэрлэг, сургууль, боомт байна. Энийг шийдээгүй байж дараагийн асуудлыг боль л гэж хэлмээр байдаг.
Төсвийн тодотголоор олигтой зүйлс зассангүй. Хэдэн барилга, соёлын төв, автомашины хэрэглээг танах нь эдийн засгийн суурь алдааг засахгүй. Төсвийн төсөөллийн алдаа хэвээрээ байгаа.
-Дэлхийн ямар эх сурвалжуудын зөвлөгөөг бид чухалчлах ёстой гэж та үздэг вэ?
-Том эх сурвалжуудаас 100 хувь мэдээлэл өглөө гэхэд манай холбогдох эрх мэдэлтнүүд ердөө 10 хувийг нь л ойлгож байна. Гүн судалж авч үздэггүй. Жишээлбэл ОУВС-ийн ажлын хэсгийн текстээр өгч байгаа дүгнэлтээс гадна, үүний ардах 6-7 хүснэгтийг тоодоггүй. Энэ дотор манай улсын гадаад өрийн дарамт ирэх жилүүдэд хэд болохыг харуулсан байдаг. Маргаашийн ирээдүйн тухай хэлсэн мэдээллүүдийг хайхардаггүй. Энэ тоймыг мэргэжлийн хүмүүс ач холбогдлыг нь тайлбарлаад зохих албан тушаалтнуудын чихэнд хүргэхгүй бол болохгүй бололтой.
-Ирэх онуудад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар нөхцөл үүссэн үү?
-2019 онд манай эдийн засаг 6.9 хувь өссөн. Үүний дараа буурна шүү гэдгийг би хэлсээр ирсэн. Эдийн засгийн өсөлтийн мөчлөг буурна гэдгийг анхааруулж байсан. Харамсалтай нь ковид гарсан. Тэгээд эдийн засаг хасах руу орсон. Төгрөгөөр илэрхийлсэн ДНБ-ээ аваад үзвэл 2019 оныхоо түвшнээс буурсан байна. Нэг хувийн өсөлт төгрөгөөр бодвол өсөлт биш. Монголын эдийн засаг доод тал нь 3 хувиар өсөж байж хүн амынхаа хэвийн нөхцөлийг хангана. Хоолоо залгуулж, хэвийн хэмжээнд амьдрах өсөлт бол 2.5-3 хувь юм.
Төсвийн тодотголоор олигтой зүйлс зассангүй. Хэдэн барилга, соёлын төв, автомашины хэрэглээг танах нь эдийн засгийн суурь алдааг засахгүй. Төсвийн төсөөллийн алдаа хэвээрээ байгаа.