Эдийн засаг
2022 оны төсөвт хэмнэхээр тооцсон 39.1 тэрбум төгрөгийн зардлыг задаргааг авч үзэцгээе

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 4 сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь удаагаа тодотгол хийгдэх гэж байна. Эхний тодотголын хүрээнд, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг хуульчлан баталсан бол энэ удаагийн тодотгол нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлогоо бодитой тооцож, зарлагаа хэмнэлтийн горимд шилжүүлэхэд чиглэж буй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.
Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотголын төслийг харвал, 2022 оны төсвийн орлого анх батлагдсанаасаа 245.3 тэрбум төгрөгөөр буурах бол зарлага нь 246 орчим тэрбумаар буурахаар тооцоолсон байгаа юм.
УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх батлахдаа:
- Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд
- Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.
Харин төсвийн тодотголын төсөлд:
- Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд
- Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцоод байна.
Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого.
Хэмнэлтийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ.
Хэмнэхээр тооцсон 39.1 тэрбум төгрөгийн зардлыг задаргааг авч үзвэл:
УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ НИЙТ ХЭМЖЭЭ – 39.1 тэрбум төгрөг
- Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал – 3.2 тэрбум
- Хангамж бараа материалын зардал – 4.1 тэрбум
- Нормативт зардал – 3.1 тэрбум
- Эд хогшил, урсгал засварын зардал – 2.3 тэрбум
- Томилолт, зочны зардал – 0.9 тэрбум
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж – 13.6 тэрбум
- Бараа үйлчилгээний зардал – 3.2 тэрбум
- Татаас – 3.3 тэрбум
- Засгийн газрын урсгал шилжүүлэг -3.1 тэрбум
- Бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал – 0.2 тэрбум
- Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал – 1.6 тэрбум
- Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал – 0.3 тэрбум төгрөгийн зардлыг тус тус хэмнэхээр тооцжээ.
Түүнчлэн энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авахаар тооцсоныг хүргэе.
- Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
- Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн албан тушаалын автомашины ашиглалтыг хязгаарлана. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины ашиглалтад хяналт тавина.
- Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд үргүй зарлагыг бууруулан, томилолтын зардлыг хэмнэх зорилгоор төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ажилтан албан ажлаар агаарын тээврээр зорчих тохиолдолд энгийн ангиллын суудлаар тооцож зардлыг олгох ба үндэсний агаарын тээвэрлэгч нисдэг чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгчээр зорчино.
- Бүх шатны төсвийн байгууллагын албан хаагчийн ажиллах орчин, техник хэрэгслийн нийтлэг жишгийг батлуулна.
- Захиргааны зориулалттай барилга байшин шинээр барихгүй.
- Төрийн албан хаагчийн гар утас, шатахууны төлбөр зэрэг бусад хангамжийн зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй. Бүх шатны төрийн албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн гар утас болон хэвлэлийн захиалгын төлбөр, шатахуун, дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл төрсөн нутагт амрах тохиолдолд замын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.
- Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага дэд, орлогч даргатай байна. Бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглоно. Нийслэлийн Засаг дарга нь хоёр орлогч, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нь нэг орлогчтой байх бөгөөд сайд, агентлагийн дарга зөвлөхгүй байна.
- Төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна.
- Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.
- Төсөвт байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг бууруулж эрчим хүчийг хэмнэнэ гэхчлэн тусгажээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.