Энтертайнмент
Хамгийн олон удаа хулгайлагдсан бүтээл

Тэртээх 1432 онд Данийн зураач Ян ван Эйк өөрийн дүү Хубертын хамтаар “Ариун хурганы тахилга” хэмээх шилдэг бүтээлээ туурвиж хожим Бельгийн Гент хотын Гэгээн Баво сүмд дэлгэгджээ. Ойролцоогоор 4.4х3.5 метр хэмжээтэй, 12 хавтан бүхий хоёр тонн гаруй жинтэй энэхүү асар том бүтээлд библийн чухал үйл явдлуудыг маш нарийн, гайхалтай өнгөөрдүрслэн харуулсан байна. Түүхэн дэх хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг гэж тооцогддог “Гентийн тахилын хөшөө” (яваандаа ийм хочтой болсон) анхны тосон зурагт тооцогддог аж.
Түүнчлэн уг бүтээл дууссан мөчийг Дундад зууны үеийн эцэс, Сэргэн мандалтын үеийн эхлэл хэмээн үздэг түүхч цөөнгүй бий. Тиймээс ийм чухал урлагийн бүтээл буруу гартнуудын шуналын бай болох нь мэдээж. Сонирхолтой нь нүсэр хэмжээтэй хэдий ч нийтдээ долоон удаа хулгайд алдагдаж байсныг хожим түүхчид нотолдог байна. Өөр ямар ч урлагийн бүтээл ийм олон удаа алдагдаж байгаагүй гэнэ.
Анх 1566 онд Калвинистууд буюу бурхнаас өөр зүйлийг шүтэж болохгүй (библи дээр гардаг бусад дүрүүд ч байсан хамаагүй) хэмээн тус зургийг хулгайлж, шатаахыг оролдсон байна. Азаар харуулууд цаг алдалгүй тэдний төлөвлөгөөг хэрэгжихээс өмнө илрүүлжээ.
Дараа нь 1794 онд Наполеоны түрэмгийлэгч цэргүүд дөрвөн хавтанг хулгайлсан нь Луврын музейд тавигдаж Наполеон Ватерлоогийн тулалдаанд ялагдсаны дараа буюу 1815 онд Людовик XVIII Францын хаан ширээнд суусан бөгөөд тэрээр хулгайлагдсан хэсгүүдийг буцааж өгчээ.
Дараа жил нь 1816 онд Гентийн сүмийн шинэ хамба дөрвөн хавтанг урлагийн наймаачинд өндөр үнээр зарсан байна. Хамба тэдгээрийг хулгайд алдсан хэмээн мэдэгдсэн ч хожим нь хийсэн хэрэг нь илэрсэн юм. Дээрх хавтангууд олон хүний гар дамжсаар эцэст нь Берлиний музейн үзмэр болов. Азаар Дэлхийн I дайны дараа байгуулагдсан Версалийн гэрээний дагуу (1919 онд) бүгдийг нь Гент рүү буцаажээ.
Улмаар 1934 онд зүүн доод талд байрладаг хавтанг мөн л хулгайлж барьцаа мөнгө шаардав. Тэд мөнгөө авсны дараа хавтангын ар талд байсан Гэгээн Иоханы зургийг буцааж өгсөн байна. Гэсэн хэдий ч хавтан өөрөө дахин олдоогүй бөгөөд өнөөг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй хэвээр үлджээ.
Дэлхийн II дайны үед нацистууд хавтангуудад гар хүрэх ээлж нь ирэв. Адольф Гитлер, Херманн Гөринг нар хоёул тус урлагийн бүтээлийг гартаа оруулахыг маш их хүсжээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэд Версалийн гэрээгээр Берлиний музейгээс “алдагдсан” хавтангуудыг “буцааж” авах зорилго тавьсан юмсанж.
Гитлер бүр уг бүтээлийг өөрийн болгосон хүн бурхны ивээлд багтаж ер бусын хүчийг олдог гэдэгт итгэсэн гэдэг. Ямар ч шалтгаантай байсан Гитлерийн цэргүүд эцэст нь бүх хавтангуудыг авч Герман руу зөөсөн байна. Нацистууд “Ариун хурганы тахилга”-ыг бусад хулгайлсан урлагийн бүтээлүүдийн хамт нуусан бөгөөд дайны дараа тэдгээрийг АНУ-ын зэвсэгт хүчин олж аварчээ.
Эцэст нь АНУ-ын тал тус урлагийн бүтээлийг Брюсселийн Хатан хааны ордонд Бельгийн хааны гэр бүлийн гишүүдэд ёслол төгөлдөр байдлаар буцааж өгч өдгөө “Ариун хурга” маань Гент хотын Гэгээн Баво сүмд хадгалагдсан хэвээр байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
