Нийгэм
Эртний түүхт нутаг Чойрын богд уулаар аялж мөргөл үйлдээд хүслээ шивнэхийг урьж байна

Говьсүмбэр аймгийн Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын орчны бүс нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, шашин түүхийн дурсгалыг түшиглэн “Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын хаврын эвент арга хэмжээг “Боржигин голомт” жуулчны баазад зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь:
– Соёлын аялал жуулчлалын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
– Хуурай хээрийн бүсийн байгалийн өвөрмөц шинж төрхийг агуулсан Чойрын богд уулын тусгай хамгаалалттай газрын орчны бүс нутагт “Монгол сакура” буюу буйлс цэцэглэсэн орчинд байгаль түүхийн дурсгалт газраар аялах, хаврын эвент арга хэмжээг бий болгох
– Боржигин өв соёлын нэг болох нутгийн уламжлалт идээ ундааны онцлог, өв уламжлал, ач холбогдлын талаас нь зөв мэдлэг, мэдээлэл өгөх, танилцуулах, уралдаан тэмцээн
– Орон нутгийн хоол, хүнсний чанарын нэршил \брэнд\- бүхий бүтээгдэхүүн бий болгох, Аялал жуучлал, хүнс, хоол үйлдвэрлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цар хүрээ өргөжиж иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, таниулах, сурталчлах
– Боржигин өв соёл, дуу хуурын концерт, шагайн харваа, Боржигин өв музей, түүх дурсгалын бүтээлүүдийн үзэсгэлэн, бусад соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулав.
Дотоодын аялагчдыг Боржигин түмний өлгий нутаг болсон нийслэлтэй ойр, зам харилцаа хөгжсөн Говьсүмбэр аймагт зочлон үзэсгэлэнт байгалийн өнгө төрх болсон алдарт “Чойрын богд уулаар аялан буйлс модны цэцгийг үзэн, нутгийн ард түмний идээ ундааны дээжийг амтлан Боржигин голомт жуулчны баазад тухлан саатахыг урьж байна. Чойрын богд уулаар аялаж эртний түүхт газруудыг сонирхохын зэрэгцээ Хүүхдийн цагаан овоо, Цагаан дарь эх, Дагвасүндэл бурханд залбирч эргэл мөргөл хийж хүслээ шивнэвэл биелдэг домогтой юм. Монгол буйлс нь говийн хад чулуутай энгэр, сайрыг даган ургадаг. Навч нь 2-3 см урттай, жимс нь жижиг ишинцэр дээр байрлах бөгөөд 4-8 мм голчтой ургамал. Хавар навчилхаасаа өмнө цагаан, ягаан цэцэг дэлгэрдэг. Цэцэглэх хугацаа нь 7-10 хоног юм. Цэцэглэх хугацаа нь тавдугаар сарын дунд үед тохиодог аж.
Д.Мөнх-Эрдэнэ: Говьсүмбэр аймаг дотоодын 28-30 мянган аялагч татах боломжтой
Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнээс тус аймагт баримталж буй аялал жуулчлалын талаар тодрууллаа.
-Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран зохион байгаа “Монгол сакура Буйлс цэцэглэх хавар” арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Говьсүмбэр аймгийн аялал жуулчлал талаар хэрэгжүүлэх бодлого, онцлог юу гэдэг нь хамгийн чухал. Аймаг орон нутаг бүр өөр өөрийн гэсэн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал гээд бусдаас ондооших маш олон зүйл бий. Үүгээр бахархах, айлчин гийчинд үзүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьдог. Тэгвэл манай аймаг 1994 онд байгуулагдсан, Монгол Улсын хамгийн залуу аймаг. Газар нутгийн хувьд босоо тэнхлэгийн төв зам, төмөр замын дагуу оршдог дэд бүтцийн хувьд давуу тал, онцлогтой. Энэ давуу тал, хүний хөл хөдөлгөөний урсгалыг ашиглаад аялал жуулчлал хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөж шингээх, үйлчилгээ үзүүлэх боломж бололцоог хангаж өгөхөөр бид ажиллаж байна. Манай аймагт саатан морилоод явж буй хүмүүс сэтгэл ханамжтай үлдэх асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хаврын улиралд Дорноговь аймаг руу дотоодын аялагчдын урсгал нэмэгддэг. Судалгаагаар 28-30 мянган хүн Хамрын хийдээр зочлох, сакура цэцэглэхийг үзэх зорилготой явдаг. Эдгээр аялагчдыг аймаг орон нутагтаа татах сонирхол бидэнд бий. Чойрын богд уулыг тойроод Монгол сакура гэж нэрлэгддэг Буйлс өдийд цэцэглэдэг. Үүнийгээ түшиглээд хаврын улиралд аялагч, жуулчин татах боломж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Азиас гаралтай ханами буюу цэцэг үзэх соёл залуусын дунд ихээхэн дэлгэрсэн байгаа юм. Энэ нь монголчууд Япон, Солонгос зэрэг улсад ажиллаж амьдардаг болсонтой холбоотой гэдэг. Нөгөөтээгүүр ирж яваа цагийн эхэнд агаар салхинд гарч алжаал тайлах зорилгоор орон нутагт аялах сонирхол нэмэгдсэн. Ялангуяа ковидын дараа зам харилцаа хөгжсөн нутгаар богино хугацаанд гэр бүл, хамт олноороо аялах болсон. Энэ бүгдэд бид тулгуурлаад “Монгол сакура Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын арга хэмжээ зохиодог болоод байна. Тэгээд орон нутгийн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтай ажиллаж чаддаг болохыг зорьж байгаа юм. Нэг зүйр үг бий. Хурдан явая гэвэл ганцаараа, хол явая гэвэл олуулаа яв гэдэг дээ. Иймд аймаг орон нутгийн засаг захиргааны зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг чанартай үйлчилгээ үзүүлэх, аялагч жуулчдыг татах, бүгд зэрэг хөгжин дэвжих бололцоог нь хангах өгөхийг зорьж байгаа юм. Энэ арга хэмжээнээс нэгдэж чадвал илүү зах зээл, боломж гарах юм байна гэдэг нь харагдлаа. Үүнд төр оролцоод байхаас илүүтэй хувийн хэвшлийнхэн бизнес эрхлэгчид өөрсдийн санал санаачилгаар нэгдэх нь чухал юм гэдэг сэдэл аваасай гэж хүсч байна.
-Энэ арга хэмжээ болж буй “Боржигин голомт” гэдэг жуулчны баазын талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Манай аймгийн иргэн Чулуунбаатар гэдэг хүн үүнийг үүсгэн байгуулсан. Өөрийн хүсэл сонирхлоор өв соёлын эд өлгийн зүйл цуглуулагч. Түүнийгээ үзмэр болгон тавьж ирсэн хүмүүст тайлбарлаад явдаг. Хоёр жилийн өмнө энэ газрыг нээсэн ч үйл ажиллагаа нь арайхан жигдрээгүй байна. Иймд энд хоол, унд, гар урлал үйлдвэрлэгч зэрэг хүмүүс нэгдээд ажиллавал боломж байгаа нь харагдлаа. Тэгээд аялагч, жуулчид болон орон нутгийн иргэдээ хүлээн авч чанартай үйлчилгээ үзүүлэх, зах зээлээ бололцоо байгааг манай бизнес эрхлэгчид олж хараасай гэж хүсч байна.
-Чойрын богд ууланд аялах иргэдэд зориулсан замын тэмдэг тэмдэглэгээ, түр саатах талбай, бие засах газар зэргийг байршуулж байгуулсан уу?
-Би дээр манай аймаг Монгол Улсын босоо тэнхлэгийн авто замын дагуу байршдаг гэж ярьсан. Энэ төв замаас Чойрын богд ууланд аялах гол маршрутыг гаргасан. Төв замаас салаад орон нутгийн замд орох замын тэмдэг тэмдэглэгээ бий. Бас түр саатах талбай, цайлаад мордох саравч, хогийн сав байгальд хоргүй жорлон зэргийг тохижуулж байна. Цоорхой рашаанд түр буудаллах газрууд бий. Чойрын богд уулын наад өвөрт аялал жуулчлалын бас нэг бүтээгдэхүүнд тооцогдох өрнө, дорныг холбож байсан цайны зам дамжин өнгөрдөг. Энэ зам Хятадаас гараад 10 мянган км аялж Европ тивд хүрдэг. Үүнийг 200 гаруй жил ашиглаж ирсэн түүхтэй. Ази, Европыг холбосон худалдаа арилжааны том сүлжээний түүхийн ул мөрийг хадгалсан цайны замын хоёр өртөө манайд байдаг. Иймд яг энэ замын дагуу орон нутгийн иргэд өөрсдийн хөрөнгөөр есөн тэмээ хөтөлсөн жинчний хөшөөг босгож байгаа. Гурван улсын хамтарсан аялал жуулчлалын холбоо байгуулаад цайны зам дагуу хот сууринд аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол аль аль талдаа бий. Нөгөө талдаа өнөөдөр Монголын тал нутгийн нүүдэлчин малчны өв соёл гадаад, дотоодын жуулчдыг татах томоохон бүтээгдэхүүн болж байна. Иймд малчин түмэн маань морь малаа унах, ахуй соёлоо сурталчлах тал дээр анхаараасай гэж хүсдэг дээ.
-Чойрын богд уулын талаар та мэдээлэл өгнө үү?
-Монгол нэр нь Оцол уул. Монголд буддын шашин гүнзгий нэвтэрсэн 16-р зуунаас хойших үеийн нэр нь Чойрын богд. Чойр гэдэг нь санскрит хэлээр Номын хүрээлэн гэсэн утагатай үг. Ер нь бол дорно дахины философийн нэр гэж хэлж болно. Буддийн гүн ухаанд Чойрын ном, дэг жаяг, дацан гэсэн үг хэллэг нэлээд тохиолддог. Тэгэхээр энэ уул хайрханы нөмөр нөөлгийг түшиж Монголын төв Халахын Боржигины хошууны хамгийн том хүрээ хийд төвлөж байсан байна. Тодруулбал, 1670-аад он буюу Дагдандорж ноёны үед үүсгэн байгуулагдсан түүхтэй. Нийт 1500 орчим лам хурал ном хурсан эрдэм соёлын түүхийн өв болсон газар. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь гэж бий. Аялагч, судлаач профессор Рой Чэпмэн Эндрьюс 1921 онд төв Азийг судлахаар ирэхдээ энэ хийдээр зочилж зураг дарсан байдаг.
Б.Энхтөр: Говьсүмбэр аймаг хамгийн сүүлд байгуулагдсан ч газар нутгийн хувьд маш баялаг түүхтэй
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Энхтөртэй Боржигин өв соёлын талаар ярилцлаа.
-Та бүхэн түүхэн өв соёлоо сурталчлах талаар ямар ямар ажил хийж байна вэ?
-Манай аймаг “Монгол сакура буйлс цэцэглэх хавар” гэдэг түүх, соёлын аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид жил бүр болно. Учир нь улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд буйлс буюу интоорын төрлийн ургамлууд ургадаг. Энэ ургамал яг сакура шиг ягаан цэцэгтэй. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас орон нутгийнхаа түүх дурсгалыг үүнтэй уялдуулан танилцуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, Боржигин идээ ундаа, хоолны соёлыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилго тавиад байна. Үүнд аялал жуулчлал, хоол үйлдвэрлэгч, Боржигин уртын дууны гээд мэргэжлийн холбоод, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид нэгдэж байгаа.
-Тэгэхээр аялал жуулчлалын брэнд гаргаж байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Монгол Улсын “Алсын хараа-2050” хөтөлбөртэй холбогдуулаад соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх, бүтээлч үйлдвэрлэл бий болгож буй юм.
-Дотоод, гадаадын жуулчид хүлээж авах талаар ямар ямар ажил хийж байна вэ?
-Манай аймаг Боржигин өв соёлын өлгий нутаг гэдгээрээ онцлогтой. Хуучинаар Боржигин Цэцэн вангийн хошууны тамгын газар байсан Өлзийтийн дэнж гэдэг газраас бид ажлаа эхлүүллээ. Тодруулбал, “Боржигин голомт” гэдэг хувийн хэвшлийн жуулчны бааз нээгдэж жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ базаагаад байна. Цаашид Боржигин өв соёлоо гадаад, дотоодын жуулчдад таниулах, сурталчлах их ажлын эхлэл эндээс тавигдаж байгаа юм. Чойрын богд ууланд аялах, эргэл мөргөл хийх хүмүүст манай байгаль хамгаалагчид газарчлах, тайлбар зөвлөгөө өгөх боломжтой. Мөн Дорноговь аймгийн Хамарийн хийд, Дундговь аймгийн Эх газрын чулуу, Сүхбаатар аймгийн Шилийн богд үзэхээр аялж байгаа хүмүүс зам дагуудаа манай аймгийн түүхт газруудыг үзээд явах бүрэн боломжтой.
-Та яриандаа Боржигин өв соёл гэж нэлээд дурдлаа. Энэ нь бусад нутаг орны өв соёлоос хэрхэн ялгардаг, ямар онцлогтой юм бэ?
-Боржигин уртын дууны талаарх судалгаа их бий. Жишээ нь С.Бадамхатан, Б.Ренчин гуайн судалгаа байдаг. Тэдний судалгаагаар Боржигин уртын дуу бол Хубилай хааны үеэс өвлөгдөж ирсэн, төрийн их ёслол, найрын дэг жаягтай гэж тодорхойлсон байдаг. Агуу их уртын дууч Н.Норовбанзад, Ж.Дорждагва нар Боржигин уртын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход их үүрэг гүйцэтгэсэн. Боржигин уртын дуу бол төв Халх, Үзэмчин, Баруун Монгол дуунаас тэс өөр онцлогтой. Олон нугалаатай, чамин чимэглэлтэй байдаг. Боржигин морин хуур бас их онцлогтой. Төв Халх буюу мастер ихээхэн ялгаатай. Өөр хөглөгддөг, өөр цартай байдаг. Тэгэхээр соёлын өвөрмөц бүтээгдэхүүний нэг юм. Эдгээр өв соёлын голомт нь өнөөгийн Говьсүмбэр аймаг гэж судлаачид үздэг. Мөн Боржигин умарзай гээд хурдан морины гийнгоо ч бий. Үүнийг уншиж өссөн хүүхдүүд уртын дуугаа яг хуучний ая дангаар нь амархан сурдаг юм. Бас Боржигин шагайн харвааны уухай ч өөр. Боржигин сурын харваа бас ондоо. Гэхдээ Халх харваатай төстэй. Манай аймагт “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваачид бий. Тэд Боржигин өв уламжлалаа гаргаж ирнэ гэж ярьдаг. Монголчууд өнөөдөр сурын хүнд харваагаа авч үлдсэн. Харин хөнгөн харваа нь төдийлөн дэлгэрээгүй үлдсэн байгаа юм. Энэ бол морин цэргийн харваа. Үүнийг хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ажиллахаар зорьж байна. Дээр нь Боржигиний ан хоморгын өв соёл бий. Тухайлбал, Монголын нууц товчоонд Бодончар мунхаг бор харцагаар ан агнадаг тухай гардаг. Иймд бид шувуугаар ан агнаж ирсэн өв соёлыг судалж байгаа. Хоол ундны өвөрмөц соёл бас байж. Монголчууд нүүдлийн өв соёлтой тул тухайн амьдарч буй нутаг орон, газар зүйн байршлаас шалтгаалж ондоо ондоо хоол унд хэрэглэж ирсэн байдаг. Тэгвэл Боржигин хэвийн боов гэж өөр соёл бий. Тодруулбал, Баруун Чойрын, Зүүн Чойрын Боржигин хэвийн боов бас ялгаатай. Хэвийг нь аваад үзэхэд хүүхдийнх, идээнийх, тахилынх, ловон, гавжийн идээ засдаг боов гээд тус тусдаа хийдэг тусгай жор, технологи байсан. Эдгээр технологийг бид Монголын гастрономын холбоотой хамтраад патентжуулах ажил хийж байна. Бас цайны өвөрмөц соёл бий. Жишээ нь хаврын цайны орцод задь, борц, арвай, малын чөмөгний тос, загасгал зэрэг орон нутгийн дөрөв, таван бүтээгдэхүүний орцтой байгаа юм. Үүний жорыг судлаад бид бас хэвшүүлэхээр ажиллаж эхэлсэн. “Алсын хараа-2050”-д таван зүйлийн идээ ундааны өв соёлын талаар тусгасан байдаг. Иймд орон нутгийнхаа идээ ундааны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор батламж гардуулж жорыг нь патентжуулхаар ажиллаж байна. Энэ бүгд нь өв уламжлалаа сэргээх, соёлын бүтээлч үйлдвэрлэгчдээ ашиг орлоготой болгох зорилготой. Үүнд л аймгийн Засаг даргын баримталж буй бодлогын нэг гол үндэс юм.
-Тэгвэл таны сая ярьсан өв соёлуудыг тээж буй ямар хүмүүс байна вэ?
-Боржигин уртын дууны түрлэг гэж холбоо бий. Тэд уртын дуу, морин хуурийн татлага, лимбэ үлээх өв соёлоо залуусдаа сургах тайлан тоглолтоо хийх ажил хийж байгаа. Мөн Боржигин дуу, бүжгийн чуулга мэргэжлийн төвшинд уран бүтээлээ туурвидаг. Манай аймагт ирсэн аялагч, жуулчдад тэд өв соёлоо сурталчлах юм.
-Боржигин уртын дуу өвөрмөц онцлогтой гэсэн. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг ямар уртын дуунууд байна вэ?
-Чингис хааны үеэс дуулагдаж ирсэн Жаргалтайн дэлгэр, Эрхэм төр, Өвгөн шувуу, Авралын дээд гэж уртын дуунууд судалгаагаар Боржигинийх гэдэг нь батлагдсан.
-Идээ ундаа, хоолны соёлын өвийн талаар яриандаа дурдсан. Тэдгээрийг одоо хүртэл нутаг орондоо хэрэглэж байгаа юу?
-Сүүлийн үед нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс орчин үеийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх болсон. Иймд зарим өв соёл нь мартагдсан тал бий. Жишээ нь хэвийн боов байна. Боржигин хэвийн боовны өв соёл мартагдсан байсан. Одоо манай аймагтай хил залгаа Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумынхан Боржигин хэвийн боовны жор, хэв зэргийг авч үлдсэн, өөрсдөө хийж хэрэглэж байгаа. Бид үүнийг түгээн дэлгэрүүлэх талаар ажиллаж байна. Уламжлалт хэвийн боов хийхэд бэмбий нухахаас өгсүүлээд ажиллагаа их ордог. Мөн орц жор нь арай өөр. Тэгвэл Боржигин хэвийн боов хийхэд айлд нэг эр хүн, хэв хэрэгсэл нь байхад л болно. Ажиллагаа бага тул амт чанартай хэвийн боов амархан хийнэ. Тодруулбал, Зүүн жанжин Чойрын хийд 1500 ламтай байсан гэдэг. Тэгээд өдөрт нэг лам 3-4 хэвийн боов хүнсэндээ хэрэглэнэ гэж тооцвол технологийн хувьд маш хурдан хугацаанд амт, чанартай хэвийн боов хийх асуудал гарна шүү дээ. Энэ нь Боржигин хэвийн боовны давуу чанар юм. Бид өөрсдөө өв соёлоо тодорхойлохоос илүүтэй мэргэжлийн байгууллагуудын судалгаа, дүгнэлтэд тулгуурлан гаргаж ирж байгаа юм.
-Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал нэлээд хөгжсөн. Чойрын богд уулын түүхт газруудаар аялах, эргэл мөргөл хийх сонирхолтой хүмүүс олон бий. Тэгвэл аяллын маршрут замыг тодорхойлсон уу. Энэ нутгийн түүхээс та сонирхуулахгүй юу?
-Аялаж жуулчлалын алсын, дунд, ойрын гэсэн маршрут бий. Чойрын богд ууланд улсын тусгай хамгаалалттай Дагвасүндэл, орон нутгийн тусгай хамгаалалттай Цагаан дарь эрх бурхан байна. Бас эртний булш, хэрэгсүүрүүд олон. Чойрын богд уулын орчимд түүхт газрууд байдаг. Тухайлбал, Монгол Улсын түүхтэй холбоотой таван зам энэ уулын баруун, зүүн тал, дундуур нь явдаг. Өгөөдэй хааны өртөө зам бий. Европ Ази тивийг холбосон алдарт цайны зам дамжин өнгөрдөг. Манжийн хааны гүнжийн явсан зам гэж байдаг. Мөн Монгол Улсын анхны холбоо харилцааны түүх энэ нутгаас эхтэй. Богд хааны үед 1906 онд батлагдаад 1913 онд ашиглалтад орсон Төмөр утасны хороо гэж нэрлэж байсан цахилгаан холбоо энд байгуулагдсан байдаг. Мөн анхны галт тэрэгний зам бий. Одоо босоо тэнхлэгийн авто зам, олон улсын агаарын зам дайран өнгөрч байна. Энэ бүгд нь Боржигин өлгийн нутаг их хөлийн газар байж. Ийм учраас Монгол Улсын үе үеийн түүхтэй холбоотой юм. Мөн Галдан бошигт хаантай холбоотой Халх, Өөлдийн тулалдааны ул мөр энэ нутагт байдаг. Өндөр гэгээн Занабазар Долнуур орох замдаа хоёр гурван газар буудаллаад явсан түүхэн газар бий. Наймдугаар богд Жавзандамбыг Төвдөөс залж авч ирсэн Цэрэндандив нь энэ нутгийн хошуу ноён байсан. Хошуу ноён Гомбосүрэн 1911 оны цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалд оролцсон, Дотоод явдлын яамны дэд сайд байсан түүхтэй. Мөн Барон Унгерн, Дугар мэйрэн нар Чойрын богд уулын хавьд гамингуудтай тулалдаж хөөж явуулсан түүхт газар бий. Боржигин байшин гэж монгол оньсоор барьсан түүхэн байшин байгаа. Олон улсын хартын тунхаглалаар байшинг 100-аас дээш жил болсон бол түүхэн дурсгал үздэг. Тэгвэл манай аймагт хамгийн багадаа 1770-1780 онд баригдсан байшингууд байдаг. Ингээд дурдаад байвал Говьсүмбэр аймаг хамгийн сүүлд байгуулагдсан ч газар нутгийн хувьд маш баялаг түүхтэй юм. Иймд дотоодын аялагчдадаа эртний түүхт Чойрын богд уулаар аялж мөргөл хийж хүслээ шивнэх, Боржигин өв соёлтой танилцахыг уриалж байна.
Ц.Цэнджав: Боржингиний 13 дуу одоогоор манай урын санд бий
Боржигин дуу бүжгийн чуулгын захирал Ц.Цэнджаваас Боржигин чуулга болон урлагийн өв соёлын талаар тодрууллаа.
-Боржигин чуулга урлаг соёлын өвөө сэргээн сурталчлах, уран бүтээлийн сан хөмрөгөө арвижуулах талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай чуулга үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх, сурталчлах талаар уран бүтээлээ туурвин ажиллаж байна. Судалгаагаар Боржигин уртын дуу гэдгийг тогтоосон дуунууд бий. Энэ дуунуудыг тайзнаа амилуулах, өвлүүлэх, уламжлал шинэчлэлийг хослуулж явах бодлого баримталж байгаа. Үүнээс гадна Боржигин морин хуур нь өндөр иштэй, ширэн цартай, хөглөгөө нь энгийн хуураас өөр байдаг. Бид өв соёлоо тэгээд уламжлалт татлагаас гадна орчин үеэтэй зохицуулж энэ хуурт тохирсон ая аялгуу, хөгжмийн найруулга зохиогоод олны хүртээл болгож байна. Одоо Зүүн Монголын бүжгийн урлагтай хослуулж Боржигин бүжгийн дэг гаргахаар судалгааний ажил хийж эхэлсэн. Манай чуулга 60 орчим шижигнэсэн залуусаас бүрддэг. Тэгээд өв соёлоо авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бүтээлээ хийгээд явж байна даа. Бид зөвхөн уламжлалт өв соёлоо сурталчлахаас гадна дэлхийн урлагтай хөл нийлүүлж уран бүтээл хийдэг. Энэ хүрээнд “Дэлхийн чимээ” нэртэй цоо шинэлэг, өөрсдийгөө эвдсэн уран бүтээлийн тоглолтоо орон нутагтаа толилуулсан.
-Өв соёлын судалгааны ажил хийхдээ та бүхэн өөрсдөө хийдэг үү эсвэл мэргэжлийн багтай хамтардаг юм уу?
-Орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж байж судалгаа хийж байгаа. Тэгээд Боржигин судлаачидтай хамтраад хийдэг. Говьсүмбэр аймгийн тойрсон таван аймгийн 17 сум Боржигин гэж овоглодог. Эдгээр сумдаар тойрч өв соёлын судалгаа хийж явдаг. Үүний үр дүнд Боржигин хуурын татлага, уртын дууны урын сантай болж байна.
-Ер нь Боржигин гэсэн нэр хаягтай хэчнээн нэр төрлийн дуу, бүжиг байна вэ?
-Судалгаанаас харвал тухай тухайн нутагтаа өөр өөрийн онцлогоор өвлөгдөн үлдсэн байдаг. Тухайлбал, Боржигин уртын дуу Богдын өндөр гэж бий. Энэ бол нэг хэв шинжтэй байдаггүй. Хэнтий аймгийн Боржигин сумынхан арай өөр аялга, нугалаа чимэглэлтэй байгаа юм. Дорноговь аймагт гэхэд ялгарах хэв шинжтэй юм билээ. Манай чуулгын урын санд одоо Боржигиний 13 дуу дуулагдаж байна. Дийлэнх нь уртын дуу. Одоо хийсэн судалгаагаар ардын богино дуу цөөн бий. Харин Боржигин морин хуур бол манай орон нутгийн жинхэнэ брэнд. Зарим орон нутагт ширэн цартай хуур байдаг ч манай хуураас хөглөгөө, дугралтын хувьд шал өөр юм. Бүжгийн судалгааг одоо хийж байна. Дээд язгуурын олон төрлийн бүжиг гарч ирэх байх гэсэн найдвар бий.
-Та бүхний уран бүтээлийг цухасхан үзэхэд үнэхээр чадалтай байгаа нь харагдлаа. Уран бүтээлийн тайлан тоглолтоо, Боржигин түмний өв соёлоо Улаанбаатар хотынхонд танилцуулах тоглолт, наадам хийх төлөвлөгөө бий юу?
-Баярлалаа. Манай аймаг дөрвөн жил тутамд Боржигин наадам гэж бүсчлээд хийдэг. Аймгийн Засаг даргын тамгын газраас ирэх онд Улаанбаатар хотод Боржигин наадам хийхээр төлөвлөөд байгаа.
-Орон нутагт ажиллах сонирхолтой залуус хэр олон байна. Хүний нөөц боловсон хүчний хувьд ямар байгаа вэ?
-Ер нь орон нутгийн театр, чуулга хүний нөөцийн хувьд учир дутагдалтай байдаг. Жишээ нь хөгжимчид, бүжигчид ихээхэн дутагддаг. Аймаг орон нутгийн удирдлагуудтай уялдаатай ажиллаж ажил төрлөө ойлгуулсны хүчинд Завханы хөгжим бүжгийн сургуулиас таван хөгжимчин, зургаан хос бүжигчинд санал тавьж авч ирсэн. Урлагийн ажилчдын цалин үнэхээр бага. Гэхдээ орон нутгийн удирдлагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэн учраас хүний нөөцөө бүрдүүлсэн. Нийгмийн асуудлыг нь шийдэхгүй л бол орон нутгийн театр, чуулгад ажиллах боловсон хүчин бараг байдаггүй. Соёлын яамтай болсон, дээрээс нь олсон орлогоо өөрсдөө зарцуулах эрх нь үүссэн учраас орон нутгийн театр, чуулгуудад томоохон боломж гарч ирсэн юм.
-Тэгэхээр орон нутгийн зүгээс нэлээд дэмждэг юм байна. Танай чуулга өөрийн гэсэн байртай болж чадсан уу?
-Тэгэлгүй яахав. Манай чуулга өөрийн гэсэн байртай болно. Өнгөрсөн онд барилгын шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орно. Зориулалтын байртай болсон юм чинь Боржигин өв соёл, урлагийг гаргаж ирэх, олонд таниулах талаар манай уран бүтээлчид эрч хүчтэй ажиллана гэж бодож байгаа. Одоо ч гэсэн уран бүтээлчдээ чадвахжуулж, бэлтгэл сууриа бүрдүүлээд явж байна.

Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурамд орууллаа.
Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5…+7 градус дулаан байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ


-
Нийгэм20 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм23 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм24 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг24 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр24 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Нийгэм24 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа