Эдийн засаг
Н.Мандуул: Засгийн газрын баталгаатай “Самурай” бондын эргэн төлөлтийг цаг алдалгүй хийхээр бэлдэж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Тэрбээр, Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлж буйгаа тодотгосон юм.
-Таныг энэ албан тушаалд ирэхэд банкны зээл хэдий хэмжээтэй байв?
-Анх амаргүй ажил, шинэ сорилт гэж ойлгож байсан. Гэвч 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэйг нь ажлаа аваад л мэдсэн. Үүний өмнө Монголбанк бүх активын чанарт шалгалт хийж өнгөрсөн оны эцсээр л өнөөгийн нөхцөл байдал ил болсон юм.
–Тэгвэл чанаргүй зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 220 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. Улс төрийн илт нөлөөлөл орсон гэж сэжиглэхүйц, олон тэрбумын зээлийг өмнөх удирдлагууд ч бас төлүүлэх гээд янз янзаар л оролдож үзсэн юм билээ. Гэсэн ч хүч, итгэл, дэмжлэг дутаад байсан юм болов уу. Өчнөөн бонд гаргасан, гэвч бондын төлбөр гүйцэтгэгч банк нь том нүхэнд унасан. Асуудал болохоо байлаа гэдгийг Засгийн газрын түвшинд хандаж танилцуулж байсан. Засгийн газраас бол манайхыг бүх талаар дэмжиж ажиллана, бүх юмаа дэлгэж үзүүл, муу нуухаар сайн илчил гээд хамтарч ажиллахаар санал нэгдсэн юм. Хэрэв Хөгжлийн банк зээлийн өрөө төлүүлж чадахгүй бол хүлээгдэж буй бондын төлбөр эцсийн дүндээ Засгийн газар дээр бууна. Улс төрийн дэмжлэг гэдэг их том зүйл байдаг юм байна. Үүнээс хойш их ч олон зүйл хөдөлгөөнд орлоо. Нөгөө зээлээ төлөх байтугай сураглаад олддоггүй байсан зээлдэгч нар хүртэл бүгд ирж уулзаад хэзээ, яаж төлөх үү гэсэн янз бүрийн санал хүртэл тавих болсон. Зарим нь болохгүй санал ч байна, болж байгаа нь ч бий. Азаар улс төрийн хувьд би аль нэг тал биш, урдах ажлаа хийж явсан, хэн нэгэнтэй хамааралгүй хүн. Тийм ч учраас надад энэ албыг өгсөн байх. Төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй гэсэн хатуу зарчим барьж байна.
-Зээлдэгч нар янз бүр байх шиг байна. Жишээ нь, жинхэнэ үйлдвэрлэл явуулж буй томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниуд ханшаас үүдэлтэй алдагдал хүлээж байгаа гэдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
-Уян хатан байх аргагүй нөхцөл үүссэн. Тиймээс бид маш энгийн зарчим барьж байна. Нэгдүгээрт, хамгийн наад зах нь зээлээ зориулалтын дагуу зарцуулсан байх ёстой. Хоёрдугаарт, төсөл нь хэрэгжээд явж байх учиртай. Макро шокуудаас шалтгаалж хүндрэлд орсон бол Хөгжлийн банк бас хамтарч гарах арга зам цуг эрэлхийлээд ярилцах ёстой. Яахав өмнө нь зээлээ олгоод, тэр зээл яг зориулалтаар явж байна уу гэдгийг хөөцөлдөх арга функц жаахан дутагдсан байх магадлалтай. Улс оронд үнэхээр хэрэгтэй, хөгжлийн төслүүд бий. Жишээ нь, цементийн үйлдвэрийн 3-4 төсөл ямартай ч зарчмын хоёр шаардлагаа хангаад явж байгаа. Гэвч үнэндээ ийм шаардлагаа хангах зээл нь маш цөөн байна. Энэ талын асуултыг өөр газраас асуух хэрэгтэй байх. Одоо бид яаж байна гэхээр олгосон мөнгө үнэхээр зориулалтын дагуу байсан эсэхийг нотлох баримтаа өг гэсэн шаардлага тавиад байгаа. Зарим нь шаардлага хангаж байна, зарим хэсэг нь зээлийн авсан дүнгийнхээ 30 хувийг ч нотлож чадахгүй байх жишээний. Тиймээс бид АТГ-ын хүсэлтээр бүх зээлийн материалаа шилжүүлсэн. Яг үнэхээр зориулалтын дагуу юм уу эсвэл өөр тийшээ казинод тоглосон уу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.
-Бондын эргэн төлөлт дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хөгжлийн банк ирэх сарын 30-нд хагас жилийн, арванхоёрдугаар сарын 31-нд жилийн тайлангаа гаргана. Чанаргүй зээлийг шийдэх дээр том ахиц гаргахгүй бол олон улсын аудитууд манай талаар таагүй дүгнэлт хийнэ, тэр нь гадагш гаргана. Нэгэнт монголчууд бондын төлөлт дээр ийм асуудалтай явж байна гэдэг эхний дохио мессэж гадагшаа цацагдаад эхэлбэл төлөлтүүд хугацаанаасаа өмнө нэхэгдэж болзошгүй. Ар араасаа муу мэдээ хөврөөд явчна гэсэн үг. Ийм учраас бид хувийн хэвшилтэйгээ хамт зээлээ төлүүлж эхнээсээ эерэг дохио өгөөд явж байна.
Гэтэл нийт мөнгөний гуравны нэгийг эзэлээд байгаа төрийн өмчит компаниудын зээлийг яах вэ гэдэг асуудал гарцаагүй сөхөгдөнө. Ямартай ч төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй гэсэн хатуу зарчим барьж, бүгд тал талд ажиллаж санаа шийдэл хэлэлцэж байна. Уг нь төрийн өмчит компани дээр хөрөнгүүд бол бий. Энэ хөрөнгийг зөв зүйтэй замаар зах зээлийн эргэлтэд оруулах гаргалгаа шийдлийг хамгийн түрүүнд хэлэлцэж байна. Сангийн яамнаас тун удахгүй Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх байх.
-Төрд хамаарсан өр төлбөрийг цэгцэлбэл бондоо санхүүжүүлэх боломжтой юу?
-Ирэх жил хоёр ч том бондыг эргэн төлөх ёстой. Засгийн газрын баталгаатай “Самурай” бондын эргэн төлөлтийг нь цаг алдалгүй хийхээр бид эх үүсвэрээ бэлдэж байна. Нөгөө талдаа бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийгээд эхэлсэн. Хөрөнгө оруулагчтай нэг бүрчлэн уулзана. Магадгүй нэг дор бүх төлөлт хийгдэхгүй. Хоёр талаасаа харилцан зөвшилцөж шат дараалан төлөөд явна гэсэн үг. Тухайлбал, 30 тэрбум иен бол одоогийн ханшаар 240-250 сая ам.доллар байлаа гэхэд эхний ээлжид 50-100 сая ам. долларыг хаагаад явна. Засгийн газрын баталгаагүй бондын эргэн төлөлтийг зах зээлийн зарчмаар нь эргэн төлөлт, дахин санхүүжилтийг уялдуулан хийх боломжтой. Засгийн газрын баталгаатай бондыг 2013 онд Хөгжлийн банк гаргасан. Хэрвээ Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батлан даагч буюу Засгийн газар үүнийг төлөх гэрээний заалттай. Уг нь анх Хөгжлийн банкийг байгуулсан зорилго бол манайхаас олгосон энэ их хөгжлийн зээлүүд үр шимээ өгөөд, эргэн төлөлт нь хийгдээд, дараагийн төслүүдээ санхүүжүүлээд, гадаадад гаргасан бондуудаа төлөөд явж байх учиртай. Даан ч тэгэж ирсэнгүй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.