Эдийн засаг
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ–ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан мөрдөж ирсэн. Журамд урьд нь дөрвөн удаа өөрчлөлт орсон бөгөөд энэ удаад Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор шинэчлэх шаардлага тулгарсан байна. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд журмын төсөл боловсруулах Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллажээ. Мөн дүүрэг бүрд болон нийслэлийн хэмжээнд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.
Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай бөгөөд өмнөх журамд зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтааснаараа онцлог юм. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээнүүдийг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг бүгдийг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхигдсон нүдний шилний захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.
Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж байгаа нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна. Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцолсон.
Энэхүү нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлуудыг арилгахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний соёл дээшилж, зохистой хэрэглээг дэмжихийн дээр хүн амын хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн дөхөм болох юм гэдэгтэй НИТХ–ын төлөөлөгчид санал нэгдэж байлаа. НИТХ–ын төлөөлөгчид нийтлэг журмыг зүйл заалт бүрээр нарийвчлан хэлэлцэж, холбогдох албаныхнаас асуулт асуун, санал бодлоо уралдуулсан юм. Удтал хэлэлцсэний дараа “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.