Эдийн засаг
Хамгийн өндөр дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ

“Симпл ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохин ёслол өчигдөр боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өссөний зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд энэ зах зээлд итгэх итгэл, оролцох оролцоо нэмэгдсэн.
Ялангуяа аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгийн зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдээс гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргах замаар олон нийтээс санхүүжилт татах ажиллагаа улам идэвхжиж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн орчин бүрдсэнээс хойшхи арав гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад худалдахаар гаргадаг байсан. Харин одоо тухайн үнэт цаасыг баталгаажуулж буй хөрөнгийн төрлүүд өргөжиж, үнэт цаасыг нээлтэй хэлбэрээр гаргаж эхлээд байна. Тухайлбал, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг өнгөрөгч онд арилжаалж эхэлсэн бол энэ оны эхний улиралд хоёр дахь удаагийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарлаа. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, бондын нэг адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч зах зээлд үүсээд буй энэ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой журмыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогчдод илүү таатай, тодорхой болгох зорилгоор журмын төслийг шинэчлэн баталж байна” гэв.
“Симпл ассет ТЗК” ХХК-аас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргаж байгаа нь нийтэд санал болгон гаргаж буй хамгийн өндөр дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас боллоо. Мөн андеррайтерийн компани нь гар утасны аппликейшн ашиглаж хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, үнэт цаас худалдан авах боломжийг олгох аж.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.