Эдийн засаг
Орон сууцны ипотекийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна

Орон сууцны ипотекийн зээлээр өнгөрсөн онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон үзүүлэлэлт гарав. Үүний зэрэгцээ төв банкнаас Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна хэмээн мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөө бий. Одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгоод байна.
зураг 1.
Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
Энэ оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ. Мөн 2022 оны наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна гэв.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Зураг 2.
Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо
Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна хэмээн Монголбанкнаас мэдээлэв.
Зээл олголт хэзээнээс хэвийн үргэлжлэх нь тодорхойгүй байна
Зээл хүссэн иргэд хаа сайгүй. Арилжааны банкууд зээлийн хүсэлтэд дараастай хэвээр. Учир нь арилжааны банкууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй ипотекийн буюу орон сууц, автомашины, цалингийн, бизнесийн урт хугацааны зээлийг хязгаарлаж буйгаа мэдэгдсэн. Тэгээд наймдугаар сараас хэвийн олгоно хэмээн өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Гэтэл дээрх төрлийн зээл гарахгүй, олгохгүй байсаар энэ сар дуусах нь. Чимээ чагнахнээ есдүгээр сарын 02 гэсэн сураг гарч байна. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй, хямд төсөр байршил сайтай хотхон хайсан иргэд хаа сайгүй. Мянга мянгаараа байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Гэтэл энэ төрлийн зээлийн шалгуур банкны зээлийн эдийн засагчдын ааш авир өндөрсөж босго давах эсэх асуудал хэтийдлээ.
Нөгөө талаар орон сууцны зээл бага хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрт багасч байгаа тодорхой болсон. Арилжааны банкуудын мэдээллээс харвал орон сууцны зээл нь жилийн 18 хувийн хүүтэй, дээд лимит нь 100 хүртэлх сая төгрөгийн хэмжээтй байна. Тиймээс ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа урт ч хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.
Орон сууцнй зээл хүссэн ачаалал, иргэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж “Хаан” болон “Худалдаа хөгжлийн банк” тавдугаар сард тавьсан хязгаарлалтаа өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа аж. Харин “Төрийн банк”, “Голомт”, “Хас” банкны тухайд иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.
“Хаан” банкны зээлийн эдийн засагчийн өгсөн мэдээллээр тус банк дээрээс ирсэн тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 23-наас эхлэн ипотекийн зээл олголтыг бүрэн зогсоож, хүсэлт авахгүй хэвээрээ байгаа гэнэ. Гэхдээ тус банкнаас тавьсан шалгуурт нийцсэн иргэдийн ипотекийн зээлийн материалыг хүлээн авч эхлэхээр болжээ. Материалыг авсан ч хамгийн багадаа 2-3 сар хүлээх шаардлагатай гэжээ. Харин “Худалдаа хөгжлийн банк” ипотекийн зээлийн хүсэлтийг авахгүй байна. Мөн орон сууцны зээлийн олголт буюу урт хугацаатай зээл гаргахгүй байх шийдвэр тавдугаар сарын 9-нд гарчээ. Тиймээс байр, орон сууц авах иргэдэд үйлчлэх зээлийг тус банкнаас бүрэн хязгаарласан аж. Шалтгаан нөхцөлийг тодруулахад удирдлагуудаас ирсэн шийдвэрийн дагуу зээл олголтыг зогсоосон. Тушаалаас өмнө хүсэлтээ өгсөн иргэд хүлээлгийн хугацаа нь хэвийн үргэлжилж байгаа юм байна.“Худалдаа хөгжлийн банк” хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл болон автомашины зээл хэвийн олгож байгаа бөгөөд ипотекийн зээлийг зөвхөн эмч нарт 100 сая төгрөг дотор гаргаж байгаа мэдээлэл бий.
Учир нь “Covid-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоожээ. Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.