Эдийн засаг
“ДОРДОХЫН ДОЛООН ХЯМРАЛ” ДАВХЦСАН ЭДИЙН ЗАСАГ

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
“Хямрал” гэдэг үг дэлхийн өнцөг булан бүрт сонсогдож сая сая хүнийг сандралд оруулж эхэллээ. Ажлын байр үгүй болж, орлогогүй болсноор шаардлагатай төлбөр хийхэд мөнгө нь хүрэлцэхгүй хэсэг байхад бүр орон гэргүй үлдсэн тохиолдол элбэг. Хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ гэх мэт энгийн хэрэгцээгээ хангах мөнгө нь дутагдаж байгаа хэчнээн сая иргэд байгааг тоолох аргагүй. Эдийн засгийн хямралын уршиг ингэж энгийн нэгний амьдралд гай зэтгэр болдог.
Өргөн хэрэглээний бараа, хүнсний үнийн өсөлт, шатахуун, байгалийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал энд тэндгүй гарч зарим нь бослого, зэвсэгт тэмцэл болон хувирч байна. Хөгжилтэй орнууд өсөж буй инфляцаа хэрхэн буулгах, эдийн засгийн уналтыг хэрхэн зогсоох, хаалгаа барьсан олон мянган жижиг дунд аж ахуй нэгжүүдийг хэрхэн хөл дээр нь эргэн зогсоох… зэргээр эдийн засгаа “зөөлөн газардуулах” талаарх маргаан ид “буцалж” байна.
Харин Монголд зуны гурван сарыг дуустал газар сайгүй сайхан наадав. Дэлхийн хамгийн их хүн амтай Өмнөд хөршийнхөөс дутахааргүй олон сайдтай данхар төр эргэн мэндэллээ. Хийж бүтээх зорилт зорилгоо ч бүрэн гүйцэт тодорхойлсонгүй. Шинэ сэргэлтийн бодлого гэгчийг хэрэгжүүлэх санхүүжилтийн дүн нь эдийн засаг нь “элгээрээ хэвтсэн” Монгол орны хувьд “Мянгуужингийн үлгэр” юм. Гадаадын өрийн хавханд орж өмнөх бондоо төлж чадахгүй дахин босгох төдийхнөөр аргацааж буй орны хувьд ДНБ-ийхээ хэмжээнээс хоёр дахин их хөрөнгө босгоод төмөр зам, авто зам, үйлдвэрүүдээ барина гэж “тоо мэддэг” хүний амнаас гарах үг ердөө биш.
Саяхнаас төрийн өндөр албан тушаалтнууд дефолт болох болоогүй гэж төлбөрт хэвлэлээрээ айлдаж байгааг харвал манай улсад бүх зүйл хэвийн байх шиг. Гэвч бодит байдал дээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэн таагүй байна. Үүнийг дараахь статистик тоо баримтууд харуулж байна.
НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН АГШИЛТ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарсан бол хоёрдугаар улиралд ердөө 1.9 хувийн буюу багахан хэмжээний өсөлт үзүүллээ. Ийнхүү өнөөгийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “маш тааруу” арга хэмжээг хүлээвэл 2020 онд агшсан эдийн засгаа сэргээх хугацаа сунжрах нь тодорхой боллоо.
ХОЁР. ӨНДӨР ИНФЛЯЦ
Энэ он гарсаар инфляц улсын хэмжээнд хоёр оронтой тооноос буусангүй. Тухайлбал, долдугаар сард инфляц 15.7 хувь гарсны 6.3 нэгж буюу 40.1 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Инфляцын үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй хэрэгжүүлсэн тав болон 10 их наяд төгрөгийн хөтөлбөр. Буруу бодлогын үр дагавар ийнхүү инфляцаар дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур олон их наядаар хэмжигдэх мөнгө цутгах нь эдийн засгаа хорлодог. Хохирогчид нь Монгол Улсын нийт иргэд, ялангуяа бага орлоготой иргэд, тэтгэврийн орлогоор амьдарч буй ахмад настнууд болоод байна. Мөн цар тахалтай холбоотой аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж олон иргэд ажилгүй, орлогогүй ядуусын эгнээнд шилжсээр байхад Засгийн газраас дорвитой арга хэмжээ огт авсангүй.
ГУРАВ. ГАДААД ӨРИЙН ХЯМРАЛ
Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляц дагалдаж хос сөрөг үзүүлэлт давхцахыг стагфляц гэж нэрлэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 13 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсын иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөг хол давлаа. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 2018 онд босгосон 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсаар байгаа. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигджээ. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувираад байна.
ДӨРӨВ. ТӨСВИЙН ХЯМРАЛ
МАН сөрөг хүчин байхдаа “олон төсөвтэй байж болохгүй” гэж ам нээх бүрдээ шүүмжилж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын төсөвтэй зэрэгцэн Монголбанк, Хөгжлийн банк, “Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Сильвэр Ресурс” гэх мэт төрийн өмчит компаниуд төсвийн шинж чанартай санхүүжүүжилтыг тоолбол бие даасан арав гаруй “төсөв”-тэй болжээ. Ийнхүү “Төсвийн иж бүрэн байдлын зарчим” бүрэн алдагджээ.
Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой. Гэвч 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жилийнх 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон байдаг. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх “харалган шийдвэр” гаргасан юм. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дагавар дагуулж байгааг өнөөгийн “дүлий” Засгийн газар үл анзаарах аж.
ТАВ. ХАНШИЙН ХЯМРАЛ
Он гарсаар ам.долларын олдоц нь эрс багасав. Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшийг сонирхвол 2022 оны эхний өдөр ам.долларын албан ханш 2,849.34 төгрөг байсан бол найман сарын 24-ний байдлаар 3,193.69 болж өссөн нь Монгол төгрөг 12 хувиар суларсан гэсэн үг. Өнгөрсөн оны сүүлээр манай улсын валютын нөөц дөрвөн тэрбум 366.1 сая ам.доллар байсан бол өнөөдөр хоёр тэрбум 878.6 сая ам.доллар болж багасжээ.
Монголбанкны хувьд бодлогын сонголт хийхэд маш хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байна. Монголбанк ам.доллароор интервенц хийж болно.
Нөгөө талаас нь авч харвал, ам.доллар төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас үндэсний валют дээрээ Монголбанк бодлого явуулж болно. Иймээс он гарсаар Монголбанк бодлогын хүүгээ зургаан хувиас 10 хувь хүртэл өсгөв. Энэ нь бодлогын хүүг нэмэгдүүлж, ам.долларын эсрэг төгрөгийн эргэлдэх хэмжээг хязгаарлах оролдлого юм. Өөрөөр хэлбэл, интервенц хийх долларын нөөцөө хамгаалах зорилгоор мөнгөний хатуу бодлогыг сонгохоос өөр аргагүйд хүрсэн. Гэтэл эдийн засгийн байдлаа харвал өнөөдөр мөнгөний хатуу бодлого явуулах цаг үе нь мөн үү гэдэг асуудал урган гарна. Эдийн засгийн идэвх суларч уналтын байдалд орсон үед мөнгөний бодлого хатуурвал эдийн засагт дахин сөрөг нөлөө гарч эхэлнэ. Зээлийн олдоц муудаж, зээлийн хүү өсөх нь эргээд бизнес эрхлэгчдэд зардал, дарамт болох юм.
ЗУРГАА. ЯДУУСЫН ЭГНЭЭ ТЭЛЖ БАЙНА
Монгол Улсын гурван иргэн тутмын хоёр нь ажилгүй, орлогогүй байгаа гэсэн хамгийн сүүлчийн судалгааг 2020 онд Дэлхийн банк гаргасан. Иргэдийн орлого нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй мөртөө өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гэрлийн хурдаар өсөж байна. Тэгш бус байдлыг хэмжих гол үзүүлэлт болох нэг хүнд сард ногдох зардалд үндэслэн тооцдог Жини коэффициентыг харвал 2020 оны эхний улирлын хэмжүүр өнөөг хүртэл хэвээр хадгалдан үлджээ. Өрхийн орлогоос өрхийн зарлага давсан үзүүлэлт сүүлийн жилүүдэд хадгалагдаж байгаа нь манай дундаж өрх өрөөс өрийн хооронд амьдарч байгааг харуулах харамсалтай үзүүлэлт.
ДОЛОО. АВИЛГЫН ХЯМРАЛ
Эдийн засгийн гүн шокийг “авлигын гүн хордлого” дагалддаг. Жил бүр “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргаж буй мэдээллээр 2015 онд Монгол Улс авлигын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байжээ. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авч сүүл мушгин Шри-Ланкатай дөрөө харшуулжээ
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан авилгын индекс
Дээрх долоон хямралт нөхцөл байдлыг дүгнэж үзвэл ойрын үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэн хүндрэх төлөв харагдаж байна. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүсээд байгаа гадаад болон дотоод нөхцөл байдлаа бодитоор тодорхойлж, үүсээд буй хүндрэлээс гарах зорилго, зорилт огт тавьсангүй. Харин жил хагасын дараа болох сонгуульдаа анхаарч “мөнгө босгох” ханцуй шамлан орж буй нь шинэ Засгийн газрын дүр төрхөөс тодрох шиг боллоо. Ийнхүү зургаан жил үргэлжилж буй төсөв, санхүүгийн үрэлгэн, тооцоо судалгаагүй байдал, гадаад өрийн хэмжээ нэмэгдэх явц цаашид үргэлжлэх нь тодорхой боллоо.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.