Эдийн засаг
Бид хэр наймаачид юм бэ

Өглөө эртхэн гараад ажилд явах замдаа хөнгөн цай уучихъя гэтэл замд онгорхой цайны газар, гуанз олддоггүй “за яахав хоол цайгаа бэлтгэх гээд арай нээгээгүй юм байлгүй, тэгвэл печень жигнэмэг ч юмуу хөнгөн юм аваад ажил дээрээ цайлчихъя” гэтэл бас л нээлттэй дэлгүүр мухлаг таардаггүй.
Үүнээс үүдээд нэг аймгийн төвд барилгын дотоод засал хийдэг нэгний ярьсан нэг түүх санаанд оров. Өглөө хийж байгаа ажил дээрээ очоод ажиллаж байтал бас нэг юм дутаад ойролцоо байх хашаандаа мухлагтай айлд 10,00 цагийн үед очтол нээгээгүй байна гэнэ. Хашааны нь хаалгыг нүдэж байтал дээлээ нөмгөн хэдэрсэн авгай гарч ирснээ “хар үүрээр хаалга балбаад хаашаа юм бэ” гэж загнасан гэдэг.
Ер нь энэ зах зээлийн харилцааны үед бид ямаршуухан наймаачин юм бэ. Чухам үнэнийг хэлбэл өнөөгийн нийгэмд бид бүгдээрээ наймаачин. Төр хувийн хэвшилд ажилладаг бичиг хэргийн хүмүүс ч мэдлэг оюун чадвараа л худалдаж, цалин авч амь зууж байгаа наймаачин. Энэ хүмүүс мэдээж сайн бүтээгдхүүнтэй /мэдлэг чадвартай/ бол худалдан авагч буюу ажил олгогч нь өндөр л төлбөр төлнө. Өөрт байгаа бүтээгдхүүнээ үнэ хүргэхийн тулд мэдлэг чадвараа дайчилж, цаг баримталж, худалдан авагчийн хүссэн хэмжээний бүтээгдхүүн нийлүүлэх ёстой.
Төрөл бүрийн салбар дахь ажилчид ч гэсэн биеийн хүчээ үнэлэн худалдаж байгаа наймаачин.
Үүн лүгээ дэлгүүр мухлаг, гуанз, цайны газар мөн ялгаагүй худалдан авагч үйлчлүүлэгчид таалагдахуйц сайн бүтээгдхүүн худалдаж борлуулах, тэгэхдээ энэ бүхнээ борлуулахын тулд хүмүүсийг өөртөө татаж, үнэ хүргэхийн тулд хүмүүсийн сонирхлыг татахуйц хичээл зүтгэл гаргах ёстой.
Та биднээс хятадын хамгийн ойроор бодоход Эрээн хотод очиж үзээгүй, тэгээд дэлхийн улс орнуудаар явж худалдаа наймаа хийж үзээгүй хүн бараг үгүй. Зах дэлгүүр, уушийн газар ер хаа ч худалдагч, үйлчлэгч нь худалдан авагч, үйлчлүүлэгчээ ороод очмогц л өмнө нь бөхөлзөж нахилзаад л бараа бүтээгдхүүн, хоол зуушаа танилцуулаад л энэ нь ийм, тэр нь тийм, ийм ч давуу талтай, ийм ч чанартай гээд байдаг. Нэгийг нь үзээд тавихаар “өөр бас ийм байгаа шүү” гээд л гаргаж ирээд байх.
Харин манайд л болохоор ихэнх худалдагч гар утсаа маажаад суучихна, асуусан юманд ганц нэг үгээр хариулсан болчхоод утас руугаа анхаараад байх жишээний. Зарим нь бүр дуугарна гэж байхгүй, цаашаа өөр нэгэнтэй утсаар яриад анхаарах ч үгүй. Өөр нэг бэрхшээл нь аль ч үйлчилгээний газар өглөө онгойно гэж байхгүй, 10, 11 цаг хүргэж байж сая нээнэ. Худалдагч үйлчлэгч нь ирнэ гэж байхгүй, дуудаж байж арай гэж нэг юм ирэхдээ бүр нэг төвөгшөөсөн байдалтай.
Том худалдааны төв, үйлчилгээний газар өөрийн гэсэн хуваарьтай түүндээ захирагддаг байж болох ч жижиг дэлгүүр, цайны газар бол эрт нээж болмоор доо. Нэгэн амжилттай бизнесмэнээс “Яаж амжилтад хүрэх вэ” гэж асуухад ердөө товчхоноор “Зардаг юмаа л сайн зараач дээ” гэсэн байдаг. Нэг үгээр хэлбэл бараа бүтээгдхүүн зарж борлуулдаг нь түүнийгээ л аль болох хүнд хүргэж, сайн сурталчилж борлуулах, мэдлэг чадвар оюун ухаанаа худалдаж цалин авдаг нь хийх ёстойгоо чанартай сайн хий л гэсэн үг. Харин өнөөдөр бид яг ингэж чадаж байгаа билүү.
Худалдаа үйлчилгээний газруудаар явж байхад “юу хэрэгтэй вэ, юу хайж байна” гэсэн үг хааяа сонсогдох. Энэ мэдээж өөрийн бүтээгдхүүнээ зарж борлуулж байгаа хүний үг. Харин томоохон дэлгүүр, худалдааны төвд гэрээ байгуулан ажиллаж цалин авдаг худалдагчид бол нэг их хөнгөн шингэн уриалгахан биш дээ. “Эзний бараа зарагдана уу, байна уу, юуны хамаа, би тэртэй тэргүй цалингаа авах юм чинь” гэсэн төрхтэй.
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд бүхэл бүтэн 30 жилийг үдлээ. Та бид мэдлэг чадвар оюун ухаан ч бай, бараа эд материал ч бай өөрт байгаа тэр бүтээгдхүүнээ зарж борлуулж сурах цаг уг нь болсон баймаар даа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.