Эдийн засаг
МАН-ЫН ТОМИЛГООНЫ САЛХИ ДООД ШАТРУУГАА СЭВЭЛЗЭЖ ЭХЛЭВ
Монголд шинээр томилогдсон дарга нараа “өхөөрддөг” нэршил олон. Хамгийн түгээмэл нь “Хоолондоо орсон”, “Бялуу хүртэгчид” гэдэг. Эхнийхээр нь бол Монгол Улс аягтай хоол юм. Засгийн газрын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нар л түүнээс халбагдах эрхтэй. Ард түмэн бүсээ чангалж байгаа бүхнээ тэдэнд барьж буйг илэрхийлсэн хэрэг. Дараагийнх нь Монгол Улс бол амтат бялуу гэсэн үг. Энэ бялуунаас зөвхөн дарга нар л хувааж сэрээдэх учиртайг хэлж буй юм. Эндээс үзвэл Монгол Улс болон ард иргэд дарга нарын зоог, хоолны дараах амттан болж таарна.
Үүнийг өнөө үетэй харьцуулж үзвэл эрх баригч МАН-ын дараагийн ээлж хоолондоо орж, амтатнаа хүртэж эхлээд байна. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Засгийн газартаа салхи оруулж УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсгөсөн. Нөгөөдүүл нь “Өнөөхөө л ярьж байна” гэдэг орчуулагчийн онигоо шиг “Итгэл хүлээлгэсэн нам, ард түмэнийхээ төлөө нойр хоолгүй, морь, нохой мэт зүтгэнэ. Монгол төрийн төлөө чөмгөө дундалсан ч яахав” гэх маягийн алдарт уран үгсээ уралдан ярьсаар. Өмнөх сайдууд нь бас тэгж л байсан. Ер нь сайд болсон, төрийн өндөр албанд томилогдсон хүн болгоны хэлдэг үг л дээ. Зөөлөн сэнтийд заларч, орлого зарлагын учиг атгасан хүн яаж ажиллахаа яруу тодоор ингэж илэрхийлэхээс ч өөр яах билээ. Яам, тамгын газрын хурган дарга нарын халаа, сэлгээ биш юм аа гэхэд холио, солио хийх нь энүүхэнд. Энэ нь “Ур чадвартай, төрийн ноён нуруутай хүнээр баг бүрдүүлэх “гэж гоё нэртэй гэж байгаа.
МАН-ынхан Засгийн газрын зарим гишүүдээ өөрчилсний дараа салхины үзүүрээ аймгийн Засаг дарга нарт чиглүүлсэн бололтой. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг гацаасан” гэдэг үндэслэлээр огцруулсан. Оронд нь Э.Болормаа хэмээх шавилхан бүсгүйг томилсон билээ.
Одоо гурван аймгийн Засаг даргыг өөрчлөх талаар мэдээлэл түгээд эхлэв.
Тодруулбал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарыг өөрчлөх асуудал тун удахгүй яригдах гэнэ.
МАН-ын удирдлагууд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг эхний ээлжинд солих бололтой. Түүнийг Засгийн газрын хуралдаанаар “хатуу донгодох” арга хэмжээ авсан байгаа билээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлсөн Засгийн газрын наймдугаар сарын 17-нд арай ч суудлаасаа “муртарчилгүй” үлдсэн гэдэг. М.Бадамсүрэнд Ерөнхий сайд “Хэрлэн сумаас Хавиргын боомтыг чиглэсэн хатуу хучилттай автозамын төслийг удаашруулсан” гээд ажлаа сайжруулах талаар хатуу сануулах арга хэмжээ авчээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл уг автозамын төслийн ажил сайжраагүй бололтой юм.
Уг нь Хавиргын боомт руу тавих автозамын төслийг хэрэгжүүлэхийн тулд 117 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэж өгсөн. Гэтэл сонгон шалгаруулалтаасаа эхлээд л асуудал үүсгэж, замын барилгын ажлыг өнөөг хүртэл дуусгаагүй буруутан болжээ. Товчхондоо улс орны стратегийн төслүүдийг гацаасан том толгойтнуудын эгнээнд багтсан байна.
Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаны хувьд ёс зүйн зөрчил дутагдал гаргасан аж. Тэрбээр архидан согтуурч эмэгтэй хүн зодсон, бусадтай зодолдсон хэрэг тарьсан нэгэн гэнэ. Үүнээс гадна хууль бус томилгоо хийсэн, төрийн албанд төрөл саднаа шургуулсан асуудал гаргаж суудлаа тавьж өгөх болзоло хангасан хэмээж буй юм. Түүнийг албан тушаалаас нь аль эрт мултлах байсан ч тойргын гишүүд нь тогтоож ирсэн жиг жуг яриа бий. Нөгөө талаар түүнийг огцрууллаа гэхэд оронд томилох хүнээ тохирч амжаагүй байгаа гэдэг. Тус аймгийн Засаг даргад хэд хэдэн нэр дэвшигч яригдаж байгаа ч удахгүй эцэслэн шийдэх бололтой.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын суудал аль хэдийн ганхжээ. Бүр өнгөрсөн оны сүүлчээр ажлаа өгөх байсан гэж байгаа. Тус аймгийн ИТХ-аар түүнийг огцруулах суудлыг хэлэлцсэн ч сонирхолтой байдлаар суудалдаа үлджээ. Тодруулбал, огцруулах эсэх талаар санал хураахад нэгэн нөхөр саналын хуудас дээр “зүрх зурсан” гэдэг. Ийм учраас түүнийг авч үлдэх санал нэгээр илүүрхэж огцролгүй үлдсэн гэдэг тайлбар бий.
Гэвч Завханыхан Засаг даргаа огцрохыг шаардсан хэвээрээ байгаа аж. Одоогоор ИТХ, намынхан нь хурлаа хийж чадахгүй байгаа гэнэ.
Завханыхан Засаг даргаа эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь өнгөрсөн хугацаанд тус аймагт урагшилсан томоохон төсөл, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт байхгүйтэй холбоотой. Мөн Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр жилээс жилд уруудан доошилж сүүл мушигих хэмжээнд хүрсэн гэж буй юм. Иймд ажил нь урагшлах биш ухарч байгаа Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг Засгийн газрын зүгээс хөндөх ажээ.
Ийнхүү дээр дурдсан Засаг дарга нарыг чөлөөлөх асуудлыг Засгийн газраар удахгүй хэлэлцэх бололтой.
УИХ-ын ээлжит бус чуулганы 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг сольсон. Тэгвэл аравдугаар сарын 01-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Тэгээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хэлэлцэх болжээ.
Тэрбээр хэт үрэлгэн задгай төсвийн золиос болж ажлаа өгөх болсоныг зарим эдийн засагчид хэлж буй юм. Учир нь эдүгээ нэг ам.доллар 3400 төгрөг даваад байгаа. Төгрөгийн ханш ийнхүү унаж буй Монголбанк ажлаа хийж чадахгүй байгааг илтгэнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ил тод мэдэгдэх болсон юм. Уг нь төгрөгийн ханш ингэж унаж гадаад валют “галзуурах” болсон явдал нь өнөө “Гээндээ ч бий, Гоондоо ч бий” гэдэг шиг л зүйл. Учир нь эдийн засаг хямарсан өнөө үед төсвийн хөрөнгө оруулалт өндөр байгаа тул валютын нөөц гадагшлах урсгал нэмэгджээ. Гэтэл экспортын бүтээгдэхүүн буурч гадаад валют орж ирэх суваг нарийссан. Иймд тэлсэн төсвийн улмаас импорт нэмэгдэж гадаад валютын эрэлт өсчээ. Үүний улмаас гадаад валютын хомсдол үүсч ханш цойлж буй аж. Өөрөөр хэлбэл манай улсын гадаад валютын нөөц багасч, Монголбанк арилжааны банкнуудад ам.доллар нийлүүлэхээс татгалзах болжээ. Улмаар арилжааны банкуудад нөөц багассанаар эрэлт үүссэн байна. Ханшийн энэ өсөлт нь Монголбанкны ерөнхийлөгчийн суудлыг ганхуулж эхлэв. УИХ-ын зарим гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Гадаад валютын ханшаа алдсан тул огцруулах ёстой” гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт удаа дараа тавиад буй сураг бий. Мөн Монголбанкны дараагийн ерөнхийлөгч нь тодорхой болсон тухай жиг жуг яриа ч гарчээ. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы индэр дээрээс өнгөрсөн хавар “Зарим нөхдүүдэд хандаж хэлэхэд эрх мэдэл албан тушаалын төлөө гүйгээд байгаа шүү. Тэгэх шаардлага байхгүй. Урдах урдах ажлаа л сайн хийцгээ” гэсэн утгатай үг хэлсэн удаатай. Эндээс үзвэл албан тушаалд хүрчих санаатай нөхдүүд УИХ-ын гишүүдийн өрөө, намынхаа дарга нарын үүд хавиар эргэлдэж ёстой л “Ахаа намайг бодоорой” гээд таваргаж яваа бололтой.
Энэ мэтээр МАН-ын томилгооны салхи дээрээсээ доош сэвэлзэж эхэлжээ. Улс төрийн хүрээнийхний харж , хэлж буйгаар шинэ, шинэ томилгооны гол зорилго нь олон талтай аж. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар сайн ажилласан нөхдүүдэд албан тушаалын бялуу хүртээх явдал гэнэ. Мөн намын эрх ашгийг харгалзан үзэж ирэх сонгуулийн бэлтгэллээ базааж ёстой л “морь нохой” мэт зүтгэх хүмүүсээ даргаар томилж эхэллээ хэмээж буй юм. Бас улс төрийн тэтгэвэрт гарах нөхдүүдэд ч зөөлөн суудал өгсөн гэж байгаа. Тэгэхээр дээрх асуудлуудын аль нь ч байсан цаашид хурган дарга нарын халаа, сэлгээ чимээгүйхэн өрнөж магадгүй нь. Энэ намрын улс төрийн амьдралын эхлэл ийнхүү өрнөх дүр зураг ажиглагдаж байна. Иймд МАН-ын томилгооны салхи доод шатруугаа сэвэлзэж эхлэв. Цаг хугацаа бүхний гэрч, эмч байдаг тул харж л байхаас даа. Салхи хаашаа би тийшээ гэж. Яг л над шиг төөрч будилсан сэтгэл, төрөө харсан сэтгэл.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна