Эдийн засаг
Монгол Улс “Ftse Russell”-ийн “Frontier Market” ангилалд албан ёсоор орлоо

Олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийг тодорхойлогч Их Британийн FTSE Russell компани нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлгээ өгдөг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг. Монгол Улсын хувьд анх 2012 онд FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан боловч төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, түүнчлэн олон улсын кастодиан банк байхгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдаж байв.
Санхүүгийн зохицуулах хороо дээр дурдсан асуудлын хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх ажилд онцгойлон анхаарч Сангийн яам, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогч байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сард гаргасан.
Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон мэргэжлийн оролцогч байгууллагууд бэлтгэл ажлыг ханган системийн хэмжээнд энэхүү горимд 2020 оны 3 дугаар сард амжилттай шилжсэнээр манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцсэн цаг үеэ олсон шийдвэр байсан. Үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдыг дэмжиж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс ангилал ахих боломж нэмэгдсэн.
Тэгвэл өнгөрсөн жил буюу 2021 оны есдүгээр сард FTSE Russell-с Монгол Улсыг Хөгжиж буй зах зээл (Frontier market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д буцаж орсон талаар албан ёсоор мэдэгдсэн бол 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон талаар мэдээллээ.
FTSE Russell-с гаргадаг энэхүү ангилалд Монгол Улс орсноор манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.