Эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж нийт 30 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар даатгагчийн төлбөрийн чадварын тооцооллыг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн сайжруулж, даатгагчийн эрсдэлийг илүү бодитой, нарийвчилсан, өөрт тохирсон аргаар тооцоолох боломжийг олгох зорилгоор тогтмол хувь, хязгаарлалт, дүрэмд суурилсан аргачлалаас эрсдэлд суурилсан аргачлалд шилжих шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцсон төлбөрийн чадварын зохистой харьцааны журам”, “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг баталлаа.
Журамд даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоо болон чанарын үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзсэн бөгөөд хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцааг даатгагчийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эрсдэлийн удирдлагын бодлогоос хамааран 3 түвшинд, төлбөрийн чадварыг 5 өөр түвшинд байхаар тусгалаа.
Мөн андеррайтингийн эрсдэлийг даатгагч өөрөө тооцоолох боломжийг олгож, хөрөнгө байршуулах дээд хувь буюу хөрөнгө оруулалтын хязгаарлалтын зохицуулалтыг халж, төрөл, хэлбэрийг нь нарийвчлан тодорхойлж өргөжүүллээ. Дээрх журам, заавар хэрэгжиж эхэлснээр даатгагчийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо боловсронгуй, нээлттэй, ил тод болохын зэрэгцээ даатгалын зах зээлийн эрсдэлийг урьдчилан таних, түүнээс сэргийлэх систем нэвтрэх улмаар салбарын тогтвортой байдал хангагдах, хөрөнгө оруулагч, даатгуулагчдын даатгалд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, мөн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн хоёр компани болон нэр бүхий 12 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанид итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр шийдвэрлэв.
Мөн нэг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг сунгахын зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон салбар байгуулах зөвшөөрөл олгохоор, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.