Эдийн засаг
СЗХ “Голомт банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан болж нийт 31 асуудал хэлэлцлээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкнуудаас тус банк нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хоёр дахь банк ийнхүү болж байна.
Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкнууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкнуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм.
Түүнчлэн хуралдаанаар “Инвескор ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар нийт 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хуралдаанаар мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 3 иргэнд, 4 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж мөн нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх, 6 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.