Нийгэм
Хятад яагаад Оросоос илүү аюултай вэ?
Өрнөдийн дэлхийд тэргүүлж буй үүрэг роль, үнэт зүйл, олон улсын дэг журмыг өнөөдөр хоёр хүчирхэг гүрэн эргэлзээнд оруулж байна. Энэ нь Орос, Хятад хоёр. Украин дахь цэргийн түрэмгийлэл, Сирийн дайн дахь бүдүүлэг оролцоо, барууны ардчилал руу чиглэсэн кибэр довтолгоо зэргээр Москва өрнөд рүү ил цагаан өдөөн хатгалга явуулж байна. Харин Бээжин дэлхий даяар нөлөөгөө өргөтгөх ажиллагаагаа тун нарийн аргаар явуулах аж. Путины дэглэм дэлхийн тавцан дээр шил савны дэлгүүрт дайрч орсон заан шиг түйвээн нядааж өгч буй бол бээжингийнхэн өлмий дээрээ гишгэлэн эрх мэдлээ сэм тэлсээр.
Бүгд найрамдах Хятад ард улсын алсын зорилго нь өрнөдийнхний хувьд хүлээн авч болохуйц зэрэгцэл буй болгох гэж л байна гэсэн хуурмаг төсөөлөл олон жил төөрөлдүүлсээр ирлээ. Оросын эдийн засгийн хүчин чадал Өмнөд Солонгос хавьцаа байхад Хятадынх дэлхийн хоёр дахь хүч болж чадсанд ч хамаг учир байгаа юм биш. Өөрийн мөхөл, задарлаас айсан Оросын мафижсан төр шинэ империалист санаархлаа түрэмгий үйлдлээр хайцаалж буй бол, үзэл сурталтай, зохион байгуулалттай, тодорхой зорилготой, тогтвортой тогтолцоотой Хятад улс нь дэлхийн тэргүүлэх гүрний хэмжээнд очих маш сайн бэлтгэлтэй аж.
Путины дэглэм их бодож л өрнийн ардчилалд ихээхэн хор учруулж чадах бол, Маогийн хэлсэн гэгдэх “Хөндийд хоёр бар тулалдан биенээ алж дуусахыг ухаант сармагчин уулан дээр суун ажиглах” удаан хугацаандаа үр дүн өгөн сүйтгэх бодлогыг хятадууд баримталж байгаа юм.
Ойворгон ерөнхийлөгч Трампаас болж АНУ манлайлах байр сууриа алхам алхамаар алдаж байгаа бол, дэлхийд тэргүүлэх сонирхолоо Бээжингийн удирдагчид шаргуу илэрхийлэх боллоо. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь яваандаа тэртэй тэргүй улстөрийн тогтолцоог нь либеральчилж таараа гэсэн өрнөдийхний горьдлогыг сөрөн үзэл суртлын жолоогоо улам чангалах аж. Цахим системээр өөрийн иргэдийг нэг бүрчлэн хамарсан хаана ч хэрэглэдэггүй нарийн аргаар мөрдөн тагнах ажиллагаа үйлдэн, түүнээ улам өргөжүүлж, олон нийтийн “зохимжгүй авир”-ыг хамхих ялын цогцолбор дагалдуулж буй нь тэдний үзэл суртлын шинэчлэл юм.
Сүүлийн үед Хятадын удирдлагууд нэг бус удаа мэдэгдэхдээ: “Хятадын социалист загвар бол марксизм дээр суурилсан юм, иймээс Коммунист нам нь улс оронд дангаар ноёрхож эдийн засаг болон нийгмийн амьдралыг хянан, удирдан чиглүүлэх зайлшгүй шаардлагатай байна”.
Энэ бүхнээс үзэхэд “аугаа үндэстнийг сэргээх шинэ зам” нь өрнийн ардчиллыг сөрсөн нийгмийн загвар болох нь тодорхой.
Нэгэн цагт улаан Бурхан гэгдэн тодорч асан Маогоос хойш энэ Ардын бүгд найрамдах улсад Си Жинпинээс өмнө нэг ч удирдагч улстөр үзэл суртлыг ганц гарт зангидаж чадаагүй явсан. Маогийн үед эрх мэдлийн төвлөрлийг даган нийтийн ухамсрыг нэгэн жигд болгох бүхнийг хамарсан үзэл суртал ноёлж байсан.
Гэтэл мань шинэ “тэжээгч” олны өмнө гарахдаа Маогоос ялгаатай нь пролетари хувцас, улаан таван хошуутай тэвхүүз малгай өмсдөггүй. Үндэстэн дамнасан том концерний ерөнхий захирал шиг харагддаг гээ. Маоизмын үед Хятад нь гадаад ертөнцөөс таслагдсан бүдүүлэг коммунист нийгэм байсан бол одоогийн удирдагч нь гайхалтай тэсрэнгүй хөгжиж буй эдийн засгийн их гүрний толгой дээр сууж байна.
“Шинэ Торгоны зам”, “ШХАБ”, “Эдийн засгийн коридор” төслийнхөө хүрээнд хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийснээр Бээжин өөрийн нөлөөгөө дэлхий даяар өргөтгөх болов. Энэ төслийн амин сүнс нь Ази-Европыг холбосон тээврийн зам бөгөөд үүндээ тарааж буй зээллэгт цаад орнууд нь Хятадаас улам хараат болж байгаа юм.
Иймэрхүү ажиллагааныхаа үр дүнд тэд хөнглөлттэй зээл, үнэ төлбөргүй байгууламжаар ялангуяа Африкийн орнуудыг өөртөө татан түүгээрээ түүхий эд, газрыг нь сольж авч байна. Африк дахь дарангуйлалт орнуудын дэглэмд ийм маягийн эдийн засгийн тусламж үнэхээр таалагддаг, учир нь цадахаа мэддэггүй тэднээс хүний эрх, авилга зэрэг зөрчилт асуудлыг нь Бээжин хэзээ ч асууж зовоон шарлаадаггүй.
Си Жинпиний тунхаглаж байгаагаас үзэхэд Хятадыг дэлхийн хүчирхэг гүрний хэмжээнд нь эргүүлж тавьснаар бээжингийн дэглэм өөрийн нийгэм-улстөрийн тогтолцоог нийт хүн төрлөхтний шилдэг загвар болгох зорилготой бололтой. Социалист хуучирсан онолыг туйлширсан үндэсний үзэлтэй хутгасан энэ хольц нь олон мянган жил тэргүүлж бусдаар өөрийгөө хүрээлүүлж байсан соёлын давамгайллаа эргүүлж сэргээх гэсэн санаархал бололтой.
Мэдээж хэрэг энэхүү үзэл суртлын хольц нь дориун засвар өөрчлөлтгүйгээр ертөнцийн бусад цэгт хүлээн авагдахгүй. Гэхдээ эхэн үедээ авторитар дэглэмтэй газар маш хүчтэй нөлөөлөх нь тодорхой.
АНУ дахиж “дэлхийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэхгүй гэж Трамп зарлангуут нэгэнт АНУ дэлхийн дэг журамд баталгаа өгч чадахгүй гэж байгаа юм бол бид түүнийг хэрэгжүүлнэ гэж Си Жинпин мэдэгдлээ. Хятад улс Тайваниас хэзээ ч татгалзахгүй гэдгээ давтсан төдийгүй үүнээ хүчээр хэрэгжүүлэх боломжтой хэмээн улаан цайм мэдэгдэх нь тэр.
Тайвань нь Алс Дорнодод оршсоор буй цөөн ардчилалын нэг. Цэцэглэж буй эдийн засаг, олон ургалч идэвхитэй иргэний нийгэм. Шууд ардчиллын үлгэр жишээ. “Хятад соёл” нь өөрийн уламжлалаас болоод ардчилсан тогтолцоотой таардаггүй гэсэн томъёолол нь Бээжингийн хуурамч суртал нэвтрүүлэг юм гэдгийг амьдрал дээр батлан харуулж буй жишээ. Иймээс Си Жинпиний сүрдүүлэг тун аюултай заналхийлэл болой.
Хятадын дарангуйллын тогтолцоо хүссэн хүсээгүй нь хамаагүй, тэртээ тэргүй олон улсын нийгэмлэг Тайванийг албан ёсоор зөвшөөрдөггүй, тэр байтугай өрнөдийн ардчилсан улсууд ч дипломат шугамаар харилцахаас эмээдэг. Тэгсэн ч тэгээгүй ч америкийн цэргийн хүчин л өнөө болтол Тайваний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсаар ирсэн. Яах нь мэдэгдэхгүй Трампын хэлсэн битүүлэг үг нь цаашид тэдэнд найдах эсэхийг эргэлзээтэй болгов. Хятадын заналхийллээс болоод аюулгүй байдалдаа эргэлзэх болсон өмнөд Азийн орнууд өдгөө санаа зовнихгүй байх аргагүй болчихлоо.
Хэдийгээр Трамп Хятадтай худалдааны дайн хийж байгаа боловч Си Жинпинтэй найрсаг дотно харьцаатайгаараа сайрхдаг нь өөдтэй ёр биш дээ. Ерөөсөө ч мань хүн дарангуйлагчидтай нөхөрлөх дуртай нэгэн. АНУ-ын Конгресст сууж буй Ардчилсан намын улс төрчдийг бодвол Хятад нь хэлэлцээ хийхэд “илүү шударга” харилцагч юм гэжАмерикийн Ерөнхийлөгч дөнгөж саяхан зарлан олныг ганц сайн цочирдууллаа.
Улс төрийн харилцааны хувьд европчуудад үл итгэх Трампын бодлогыг өөрчилж болохгүйгээс хойш Хятадын заналхийллийн эсрэг европчууд өөрснөө урьдыхыг бодвол илүү шийдвэртэй сөрөн зогсох хэрэгтэй байна. Үүнийг одоо л Германы эдийн засгийн дээд ангийнхан ойлгож байх шиг. “Нээлттэй, либераль, нийгмийн хандлагатай бидний зах зээлийн эдийн засаг, Хятадын төрийн хяналттай эдийн засагтай тогтолцооны өрсөлдөөнд орлоо” гэж Германы аж үйлдвэрийн нэгдлийн гаргасан программд дурьджээ.
Германы зарим улстөрчдийн дунд нэг ойлголт нэлээд тархжээ, юу гэвэл “Юун түрүүн Америк” гэсэн Трампын үндсэрхэг бодлогын эсрэг тэмцэхэд Хятад бол Европын хүчирхэг хамсаатан мөн гэсэн. Үнэндээ энэ бол дэндүү гэнэн харалган бодол.
Хятадын удирдагчид хэдийгээр “олон туйлт дэг журам” сурталчилж байгаа ч гэсэн эрх тэгш хамтын ажиллагаанд суурилсан ямар ч үзэл бодол тэнд нь ор тас байхгүй. Харин ч хуульт төрийн байгууламж, хүний эрхийг хүндэтгэх үзлийг дээдэлсэн олон улсын дэг журмыг эвдэх гэсэн санаатай.
Коммунизмын сүйрлийг Өрнөд хэтэрхий эрт баярлан угтсан. Хятадын төрийн капитализмыг шинэ амьдралын эхлэл гэж харжээ. Гэтэл тэр нь ихээхэн эргэлзээ төрүүлсэн эд аж. Эцэст нь өрнөдийнхнийг өөрийнхөө үндэсний өчүүхэн тасалгаа руу зугтан орох боломж хайлгахад хүргэж байна. Энэ л ёстой жинхэнэ аймшиг даа.
Б.Баабар /baabar.mn/
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.