Эдийн засаг
СЗХ: Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.10-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд, Хороо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэг хүлээсэн зохицуулалттай салбарын этгээдүүдийн эрсдэлийг үнэлж дүн шинжилгээ хийх тус бүрд эрсдэлийн профайл үүсгэх, зайны эрчимжүүлсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, газар дээрх хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр хагас болон бүтэн жилээр авч ажиллаж байна.
Эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөж ирүүлэхгүй байх, алдаатай байх, дутуу, худал бөглөх, хугацаа хоцроох зэрэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг эрсдэл өндөртэй гэж үзэж газар дээрх хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлт мэдээлэл шаардах үндэслэл болдог. Түүнчлэн тухай бүр мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаагүй этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29.11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн холбогдох арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Хорооноос аливаа үйлчилгээ авахад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний дүгнэлт гаргадаг бөгөөд эрсдэлийн үнэлгээний асуулгыг ирүүлээгүй бол аливаа зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог ба асуулгыг нөхөж ирүүлэх боломжгүй буюу хүлээн авах хугацааг дахин сунгах боломжгүй болохыг сануулж байна. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Та бүхэн 2022 оны жилийн эцсийн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг доорх холбоосоор татан авч энэ сарын 20-ны дотор үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж ирүүлэхийг мэдэгдье.
Салбарын нэр тус бүр дээр дарахад асуулга автоматаар татагдах бөгөөд холбогдох цахим шууданд 2022 оны жилийн эцсийн байдлаар /өссөн дүнгээр/ бөглөж ирүүлнэ үү. Шаардлагатай нэмэлт мэдээллийг доорх и-мэйл хаяг болон amlctf@frc.mn, мөн 51-261112 болон 51-261113 утсаар тодруулж болно.
Жич: Асуулгыг ирүүлэхдээ өөрийн байгууллагын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөрийг баталсан тушаалын цахим хувийн хамт ирүүлэх шаардлагатайг анхаарна уу.
1.Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд: sec_amlcft@frc.mn
2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn
3. Банк бус санхүүгийн байгууллагууд: nbfi_amlcft@frc.mn
4. Хадгаламж, зээлийн хоршоод: scc_amlcft@frc.mn
5. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагууд: rea_amlcft@frc.mn
6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд: dpms_amlcft@frc.mn
7. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хувь хүн: dpms_amlcft@frc.mn
8. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид: vasp_amlcft@frc.mn
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.