Эдийн засаг
АХБ: Монгол Улсад 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний халаалтын систем байгуулахад зориулан 2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байна. Тодруулбал, шинэ оны өмнөхөн Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар Монгол орны алслагдмал бүс нутагт эрчим хүчний үр ашиг болон сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг нэмэгдүүлэх зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламжийн 2 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангаас олгох бөгөөд АХБ захиран зарцуулах аж. Тус сан нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг амжилттай дэмжин ажиллажээ.
“Цельсийн -40 хэм болон болон түүнээс ч доош хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд хангалттай дулаан хангамж нэн чухал юм” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын эрчим хүчний тэргүүлэх мэргэжилтэн Шэннон Коулин онцлоод, “Энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байдаг агаарын чанарыг сайжруулахын сацуу Монголын хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломжтойг харуулж, нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр шийдвэр гаргагчид болон ард иргэдийн чадавхыг нэмэгдүүлэх болно” гэв.
Монгол Улс эрчим хүчний хангамжиндаа сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэсэн хэдий ч Монгол Улсын дулааны хэрэгцээний дийлэнх хувийг нүүрсэн галлагаат станцууд, уурын зуух эсвэл ахуйн хэрэглээний зуух хангаж байна. Үүнээс болж агаар ихээр бохирдож, хүлэмжийн хийн ялгаралт эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц өндөр түвшинд хүртэл нэмэгдээд байна.
Энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр илүү цэвэр халаалтын системийн загвар гаргах, худалдан авах, суурилуулах ажлуудыг хийнэ. Халаалт, халуун усны байнгын хэрэгцээтэй байдаг, орон нутгийн иргэдэд нэн чухал сумын төвийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд төслийн хүрээнд голлон анхаарна. Мөн дулааны хэрэгцээг багасгахын тулд эрчим хүчний хэмнэлттэй арга хэмжээнүүдийг авч, барилгуудыг засварлах ажил хийгдэнэ.
Түүнчлэн уг буцалтгүй тусламж нь төрийн албан хаагчид болон халаалтын техникчдийн дунд эрчим хүчний үр ашгийн арга хэмжээ, цэвэр халаалтын системийн үнэ цэнэ, тэдгээрийг хэрхэн суурилуулах, засварлах талаар ойлголтыг түгээх зорилготой. Мөн төслөөр айл өрхийн нүүрсний хэрэглээ, ялгарлыг бууруулахын тулд айл өрхүүдэд нэвтрүүлж болохуйц арга хэмжээнд иргэдийг, ялангуяа эмэгтэйчүүдийг сургах болно. Төслийг 2025 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна гэж АХБ-наас мэдэгдлээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.