Эдийн засаг
“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа

Өнгөрөгч оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өөрсдийн хувьцаагаа нийтэд арилжаалж, хувьцаат компани болсон “Сэндли ББСБ” ХК-ийн хамт олон 2023 оны анхны нээлттэй бондыг Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр амжилттай гаргаж, нийт 8.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас 1 цагийн дотор татан төвлөрүүлж чадлаа. “
Бондын захиалга 2023 оны нэгдүгээр сарын 25-31-ний өдрийн хооронд үргэлжлэхээр төлөвлөсөн боловч өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд захиалга дүүрсэн нь бид хөрөнгө оруулагчдын итгэлт түнш болсныг гэрчилж байна” хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат онцоллоо.
Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөг, хугацаа 18 сар, жилийн хүү нь 19.2 хувь, хүүг улирал тутамд олгож, бонд эзэмшигч нь 12 сарын дараа компанид эргүүлэн худалдах боломжтой гэдгээрээ давуу талтай байлаа.
Хаалттайгаар арилжаалагдаж буй бондын хүүгийн орлогын татвар, мөн банкны хадгаламжийн хүүгийн орлогын татвар тус бүр 10 хувь бол нээлттэйгээр арилжаалагдаж буй бондын хүүгийн татвар 5 хувь байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боллоо.
“Сэндли ББСБ” ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий “Өлзий энд Ко капитал”, “Rhinos investment”, “Golomt capital” нар тус тус хамтран ажилласан байна.
Энэ сарын 20-нд Монголын хөрөнгийн биржийн топ 20 индекс шинэчлэгдэж, “Сэндли ББСБ” ХК багтжээ. “Сэндли ББСБ” ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө АНУ, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд ердөө 10-хан минутын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм.
“Сэндли ББСБ” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд өдгөө 22 мянга орчим байнгын харилцагчтай болжээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.