Улс төр
НИЙГЭМ О.ЦЭРЭНТОГТОХЫН “ИЛЧИЛСЭН” БАРИМТУУДЫН ДАГУУ АТГ-ААС ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нэгдүгээр сарын 9-ний өдөр иргэн О.Цэрэнтогтох ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй авлига, албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар АТГ-т хандсан. Тэрбээр удаа дараа хэвлэлийн хурал зохион байгуулж хууль бус ажиллагааг шалгах хүсэлтийг тавьж байсан.
Үүнтэй холбоотойгоор АТГ-аас хэрэг бүртгэл нээж мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байна.
Эргэн санахад, сайд Х.Болорчулууны үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуувилдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж байжээ. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.
“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэнбүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.
Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.
Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
Улс төр
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.
Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.
Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.
“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.
Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.
Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.
“Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.
Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
·Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
·БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
·Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
·Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
·Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
·Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
-
Спорт8 цаг өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа
-
Нийгэм9 цаг өмнө
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
-
Нийгэм5 цаг өмнө
СБД иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто замын өргөтгөл хийж байна
-
Нийгэм5 цаг өмнө
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
-
Улс төр5 цаг өмнө
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо