Бусад
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан /2023.02.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 752 зээлдэгчид 79,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов.
Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлж байна.
Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, эдийн засгийн үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын ЭСЯ, Койка, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлгээс нийт 10.400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэв.
Барилгын материалын үнийн өсөлт тооцож хэрэгжүүлэх тухай УИХ-ын 88-р тогтоолын хүрээнд магадлалын хянан баталгаажуулалтыг явуулж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 20 аймгийн төлөөллүүд оролцов.
“Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, ТНБД-д танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавараар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болов.
“Нойтон болон чийгтэй орчинд ус тусгаарлах ажил гүйцэтгэх заавар” барилгын дүрмийн төслийг хянаж, батлуулахаар ажиллаж байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, яамдаас ирүүлсэн 35 саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
“Хүн амын нутагшил суурьшилтийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг нийт 5 аймагт хэлэлцүүлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 6,7,13-р багийн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, холбогдох баримт бичгийн бүрдэл, угсралт, ашиглалтын төлөв байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийв.
“Оюу толгой” уурхайн өргөх байгууламж, цахилгаан, агааржуулалтын шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд газар дээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж холбогдох инженер, техникийн ажилтнууд болон удирдлагуудад хяналтын чиглэл тус бүрээр зөвлөмж, зөвлөгөө өгч, илэрч буй алдаа, дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэв.
Дээрх хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийн дараа сайд Ц.Даваасүрэн яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
– Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг эцэслэж, танилцуулах үүрэг даалгаварын биелэлт удаашралтай байгааг анхааруулж, ажлыг эрчимжүүлэх,
– Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,
– Шинэ Хархорин хотын захиргааг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж, яаралтай ажилд нь оруулах,
– Газар хөдлөлтийн үед өндөр барилгуудын тэсвэрлэх байдалд шалгалт хийх, Арматурын чанарт лабораторийн шинжилгээ явуулах,
– Барилгуудын паспортжуулах ажлын судалгаа, шаардагдах хөрөнгийн дүн мэдээллийг яаралтай танилцуулах,
– Газрын багц хуулийн төсөл дээр зонхилон гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудаа багцалж, шуурхай танилцуулах
– Үнийн өсөлт тооцуулж, магадлалаар орсон ажлуудын хянан баталгаажуулалтыг түргэвчлэх,
– Тусгай зөвшөөрөл олголтод тавих хяналтаа сайжруулах зэрэг үүрэг даалгаварыг өгөв.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.