Эдийн засаг
“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” уулзалт хэлэлцүүлэг боллоо

Засгийн газраас баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК хамтран “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар үг хэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ “УИХ-аас ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Уг хууль нь энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд өнөөдрийн байдлаар нүүрсний арилжааг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын зохицуулалтындагуу явуулж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам”-ыг өнгөрөгч сард Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийняамтай хамтран баталж экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй ил тод зохион байгуулагдах цаашлаад таваарын бирж үүсэн бий болоход чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл биечлэн оролцсон бол цахимаар 80 гаруй аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнууд оролцож биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, заавар, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл хэрхэн байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.