Эдийн засаг
Валютын нөөц өссөн ч долларын ханш буурсангүй
Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн ч ам.долларын ханш цойлсон хэвээр, Монголбанкнаас зарласан ханшаар өнөөдөр 3500 төгрөг даваад буй. Валютын хэмжээ нэмэгдэж байвал ханш тогтвортой байх учиртай ч Монголд энэ нь эсрэгээрээ улам л өсдөг үү гэхээс буурч байсан түүхгүй.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2022 оны эхний хагаст эрчимтэй буурч, 2022 оны хоёрдугаар хагасаас экспорт нэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжирч, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Мөн “Оюутолгой” компани Монгол Улсад оруулж ирэх валютын хэмжээгээ 2022 оны дөрөвдүгээр улиралд нэмэгдүүлсэн зэрэг эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 3 тэрбум 392 сая ам.долларт хүрч, өмнөх сараас 460 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанкинд гадаад валютын нөөцийг хянах ямар ч эрх мэдэл байхгүй тул төв банк тогтоон барьж чадаагүйгээс ханшийн өсөлт тэнгэрт хадлаа гэж шахаж болохгүйг эдийн засагчид хэлдэг.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн мэдээлснээр, өнгөрсөн онд гадаад валютын албан нөөц багагүй хэмжээгээр буурч, энэ нь ханш өсөх гол шалтгаан болжээ. Цар тахлын хүндрэл бүрэн арилаагүй, геополитикийн тодорхой бус байдал эрсдэлийг нэлээд нэмэгдүүлсэн, нөгөөтэйгүүр, хөгжингүй улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд олон бэрхшээл дагуулжээ.
2023 онд тодорхой бус байдал мөн л өндөр хэвээр байа. Нүүрсний экспорт сэргэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн. Дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэснээр зөвхөн авто замаар биш, төмөр замаар экспорт хийх боломжтой болсон нь экспортын гарцыг өсгөх нэг боломж болсон. Мөн 2023 оны нэгдүгээр улирлын төгсгөл, хоёрдугаар улирлын эхээр “Оюутолгой”-н далд уурхай ашиглалтад орох хүлээлт бий. Далд уурхай ажиллаж эхэлснээр манай улсын зэсийн экспорт нэмэгдэж, оргил үедээ жилд 450 орчим мянган тонн зэс олборлох тооцоотой байгаа аж.
Хөрөнгө оруулалтын хувьд 2023, 2024 онд “Оюутолгой” компанийн мэдээлснээр, Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал төдийлөн буурахгүй нь. Тиймээс Төв банк 2023 онд хэрэв экспорт тасралтгүй сайжирч, Хятад улс хилээ бүрэн нээж, түүхий эдийн үнэ өндөр байвал 2020 оны түвшнээс эдийн засаг харьцангуй дээшлэн, өөдрөг байна гэж төсөөлж байна.
Монголбанк өнгөрсөн 2022 онд нийтдээ 22.9 тонн үнэт металлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан нь 2021 онтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлт. Энэ оны тухайд үнэт металлын худалдан авалт өмнөх оныхоо түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүд үндсэн орд руу чиглэсэн олборлолт хийж эхэлсэн тул цаашид олборлох алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй. Энэ хэмжээгээр валютын нөөцдөө эерэг нөлөө үзүүлэх хүлээлт бий.
Дашрамд дурдахад, Монгол Улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь олон жилийн турш эргэлзээтэй байсаар ирэв. Эдийн засагч С.Дэмбэрэлийн хэлснээр, экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл Монголын хувьд нотлогдох хүртлээ үнэн байх түвшинд. Тиймээс тэрбээр Монгол Улсын гадагшаа гаргаж байгаа цөөн тооны бүтээгдэхүүний орлогыг бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, ЗГ боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстойг онцолсон билээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.