Энтертайнмент
Гавьяат жүжигчин Ө.Уянга Киргизийн тайзнаа “Травиата” дуурьд тоглоно
Монгол Улсын гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянга ирэх дөрөвдүгээр сард гадаадад аялан тоглолт хийнэ.
Тодруулбал, 1-нд Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын тавьсан Жузеппе Вердигийн “Травиата” дуурьд дуулах юм.
Тус театрын танилцуулгад “Ө.Уянга бол Монголын шилдэг дуурийн дуучдын нэг. Тэрбээр сонгодог дуурийн маш хэцүү дүрүүдэд амжилттай тоглож ирсэн. Гадаад улс орон Ө.Уянгын тоглолтыг тэсэн ядан хүлээдэг юм. Түүний уран бүтээлийг харахад өндөр ур чадвар, онцгой авьяас бүрэн мэдрэгддэг” хэмээн бичжээ.
Ө.Уянгатай хамт Жоломан Усон уулу (Альфред Жермон), Киргизийн Ардын жүжигчин Бактыбек Ыбыкеев (Жорж Жермон), Ангелика Федорова (Флора Бервуа), Бактыбек Алмабеков (Доктор Гренвиль) нар тоглох юм байна.
Дуурийн тоглолтын дараа тэрбээр Киргиз үзэгчдэд Монгол романсаа ч толилуулах аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.