Спорт
Road to One: Mongolia тэмцээний аварга Баатархүүгийн Энх-Оргил: “Холимог тулааны урлагийг өөрийн хувь заяа хэмээн сонгосон”
Тэрээр дасгалжуулагчийнхаа замналаар холимог тулааны ертөнцийн оргилд хүрэхийг зорьдог.
Б.Энх-Оргилыг ONE-ийн Хөнгөн жингийн дэлхийн аварга Жадамбаагийн Нарантунгалаг дасгалжуулдаг ба өнгөрсөн оны 11 сард зохион байгуулагдсан Road to ONE: Mongolia тэмцээний эхний цувралд түрүүлж ONE Championship-тэй 100,000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүнийг амжилттай бөгөөд зөв замдаа явааг харуулж байгаа юм.
34 настай тэрээр амжилтад хүрэх зам дардан байхгүйг сайн мэдэх ч нутаг нэг алдарт тамирчин, дасгалжуулагчийн хамт ямар ч сорилтыг даван туулахад бэлэн байгаагаа мөн мэднэ.
Энэхүү нийтлэлээс та энэ жил түүний хийх анхны тулааныг угтуулан Энх-Оргилын эгэл жирийн гарал угсаа, түүнийг дэлхийн хамгийн том тулааны урлагийн байгууллагад хүргэсэн нөр их хөдөлмөрийн талаар мэдэх болно.
ӨСВӨР НАС
Б.Энх-Оргил 1988 онд Ховд аймагт төрсөн ба ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд ах, охин дүүгийн хамт Ховд аймагт өсжээ.
Тулаанч маань голдуу гадаа өнгөрүүлсэн бага насаа “Жирийн монгол хүүгийн адил багаасаа хонь, ямаа маллаж, морь унаж, голоос ус зөөж, аргал түүж өссөн” хэмээн сайхнаар дурсдаг. Аав нь холын тээврийн жолооч байсан тул гэрт үзэгдэх нь ховор. Тиймээс ээж, ах, дүү гуравтайгаа илүү дотно өссөн гэдэг.
Хэдийгээр номд хорхойтдоггүй байсан ч шалгалт сэлтдээ унаад байдаггүй, ангийнхантайгаа дотно сайхан найзалдаг байж. Б.Энх-Оргил хэл ам таталж, элдэв асуудалд ороод байдаггүй, харин ч хол байхыг эрхэмлэдэг хүүхэд байсан гэдэг.
Тэрээр, “Би хичээл сурлагадаа гийгүүлж шалихгүй дундаж л сурагч байлаа. Харин газар зүй, түүх, биеийн тамирын хичээлдээ их дуртай, гайгүй сайн дүн авдаг байсан. Нэг их од байгаагүй ч олон найз нөхөдтэй, асуудал зөрчлөөс хол байхыг хичээдэг, зайлшгүй шаардлагатай бол зодоон цохионоос хэзээ ч буцдаггүй хүүхэд байлаа.” гэж манай сэтгүүлчид дурслаа.
ТӨРӨЛХИЙН ТУЛААНЧ
Энх-Оргил өсвөр наснаасаа л тулааны спортод дуртай байжээ. Адал явдалт кино үзэж, аймгийн төвийн хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн тэрээр бөхийн секцэд албан ёсоор хичээллэж эхэлсэн ч удалгүй тулааны урлагт хорхойсох болсон байна.
Тэр дурсахдаа, “Бид цусны тэмцэгч болохоор багаасаа л барилдаж өссөн. Өдөр бүр барилдаж, хааяа нударга зөрүүлж, өөрийн шүтээн болох Жеки Чан, Жет Ли, Жан-Клод Ван Дамм, Арнольд Шварцнеггер нар шиг биеэ хөгжүүлж, тэд нар шиг харагдахыг хүсэж, тэмүүлдэг байлаа.”
“Би тавдугаар ангид байхдаа чөлөөт бөхийн секцэд хамрагдсан ч барилдахаасаа илүү өшиглөх, цохих илүү сонирхолтой байсан тул хоёрхон сарын дараа яг хажууд нь байрлах таеквондогийн дугуйланд хичээллэхээр шийдсэн. Тэгээд л тулааны урлагийн амьдралын жим минь гараагаа эхэлсэн гэж боддог.”
Монгол залуу хүсэл тэмүүллээ олсон ч амьдрал нь тийм боломжийн биш байсан тул мөрөөдлөө хөөх амар байгаагүй. Гэвч ээж нь хүүгээ амжилтад хүргэхийн тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байв.
“Ээж минь миний хамгийн том дэмжигч байлаа. Анхны таеквондогийн тэмцээнд оролцохоор Улаанбаатар орох болоход ээж минь цалингийн зээл авч замын зардлыг минь гаргасан. Тухайн үед ээж хөдөө сувилагчаар ажилладаг байсан тул цалин сайнгүй байсан л даа.
“Манайх шиг боломж тааруу айлын хувьд цалингийн зээл авна гэдэг их эрсдэлтэй байв. Харин ээж маань хүүгийнхээ Тив, Дэлхий, Олимпын аварга, ард түмний бахархал болох хүсэл мөрөөдлийг дэмжихийг илүүтэйд үздэг байсан.”
Ховд нутгийн уугуул маань Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж таеквондогийн төрлөөр олимпын алтан медаль хүртэх мөрөөдөлтэй байсан ч биелэл олоогүй тул шинэ зүйл туршиж үзэхээр шийдсэнээр 2009 онд холимог тулааны урлагтай учирсан байдаг.
ХУВЬ ЗАЯАНЫ ЖИМ
Тэрээр Канадын домогт Жорж Сент-Пьерийн тулаануудыг үзсэний ачаар бүх төрлийг хамарсан энэ спортод тэр даруй дурлаж, мөн түүнийг оргил амжилтад хүрэхэд туслах хүн бол нутаг нэг Ж.Нарантунгалаг аварга гэдэгт итгэж байлаа.
Энх-Оргил хэлэхдээ, “Тухайн үед Ж.Нарантунгалаг багш маань хэдийн Япон, Хятад гэх мэт улсуудад аваргалж Монголын тулааны урлагийн томоохон оддын нэг болсон байлаа. Би түүний шавь нь болж, удирдлага, заавар дор бэлтгэл сургуулилт хийхийг хүсдэг байсан ч хэрхэн түүнтэй холбогдож танилцахаа мэдэхгүй явсан юм.
“Азаар би түүний шавьтай нэг арга хэмжээн дээр таарснаар намайг аваргатай танилцуулсан юм. Анх уулзахдаа маш их сандарч билээ. Тэр бол үнэхээр миний шүтээн байсан. Аварга надтай ихэд дотноор “Хэрвээ чи миний удирдлага дор бэлтгэл хийх гэж байгаа бол бүхнээ зориулаарай” гээд клубтээ бэлтгэл сургуулилт хийхийг зөвшөөрсөн юм” гэв.
Энх-Оргил Аварга Биеийн Тамирын Дээд Сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, тулааны урлагаар хичээллэсэн байдаг.
2012 онд сургуулиа төгсөөд уул уурхайн Оюутолгой ХХК-д фитнесийн дасгалжуулагчаар ажилд оржээ. Тун удалгүй тэрээр өндөр цалин хөлстэй платформын оператор болсон ч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л хоосон мэдрэмжтэй явах болжээ.
“2016 онд миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн. Тухайн үед санхүүгийн хувьд боломжийн байсан ч надад ямар нэгэн зүйл дутуу мэт мэдрэгдэх болсон л доо. Би амьдралаа бүрэн дүүрэн амьдрахгүй байгаа юм шиг, зүгээр л жингүйдээд байгаа шиг санагдах болсон. Амьдралдаа ямар нэгэн агуу зүйлд хүрэх гэсэн тэр хүсэл миний цээжинд дүрэлзэж байв.
Тэгээд би өөрөөсөө “Намайг аз жаргалтай, бүхэл болгодог зүйл юу вэ?” гэж асуусны хариулт нь тулаан байсан юм. Тулааны дараах бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Зүгээр л цэвэр адреналин. Би тэр мэдрэмжид үнэхээр дуртай. Тэгээд л би Холимог тулааны урлагийг өөрийн хувь заяа хэмээн сонгосон.”
ӨНДӨР ЭРСДЭЛ, ӨНДӨР ШАГНАЛ
Олон жил хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, ур, хүч чадвараа хурцлан дээшлүүлж улсынхаа дэвжээнд танигдаж чадсаны эцэст 2022 онд түүний хувьд насан туршийнх нь боломж тохиосон байдаг.
ONE Championship Mонголын Степпе Линк Холдинг компанитай хамтран “Road to ONE: MONGOLIA” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү тэмцээн нь тулааны спортоор хичээллэдэг шилдэг 40 тамирчныг хоёр багт хуваан дэлхийн хамгийн том холбоонуудын нэг ONE Championship-д 100,000 ам.долларын гэрээ байгуулах, эрхийн төлөө өрсөлдөх 10 цуврал анги бүхий реалити шоу форматаар зохион байгуулагдахаар болсон.
Ж.Нарантунгалаг дасгалжуулагч энэ тухай сонсоод шууд шавьдаа хэлж энэ тэмцээнд түүнийг сойхоор болсон юм.
“Road to ONE Монголд зохион байгуулагдах гэж байгаа тухай мэдээг анх дасгалжуулагчаасаа сонссон. Бид өмнө нь хилийн чанадад өрсөлдөх талаар олон удаа ярилцаж байсан ч яг хаана, ямар тэмцээнд хүч үзэхээ шийдэж чаддаггүй байсан л даа. Тэгэхээр Road to ONE: Mongolia Улаанбаатар хотод зохион байгуулагдах тухай сонсоод үнэхээр баярлаж билээ.”
Энх-Оргил энэ боломжийг бүрэн ашигласан. Тэрээр Улаанбаатар дахь Степпе Арена-д зохион байгуулагдсан шоуны хоёр хэсгээс бүрдсэн финалын тоглолтын үеэр ээлж дараалан ялалт байгуулж, Б.Бат-Очирыг ганц цохилтоор КО хийн “Road to ONE: MONGOLIA” тэмцээнд түрүүлж, ONE-тэй зургаан орон бүхий мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан юм.
“Миний зорилго бол тов тодорхой: ONE Championship-ийн бүс авахаас нааш бууж өгөхгүй, сэтгэл амрахгүй. Монгол тулаанчид ямар хүчтэйг өрсөлдөгчдөдөө харуулахыг, дэлхийн талыг эзэлсэн өвөг дээдэс шигээ бид ямар чадалтай, аюултай болохыг харуулахыг хүсэж байна. ONE Championship-ийн дэвжээнд надтай тулгарах тулаанчид маш бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол миний хэлэх үг, бүх зүйлд бэлэн байгаарай.”
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Бусад15 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм20 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр23 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна