Дэлхий дахинд
“Wall street journal”-ын сэтгүүлчийг ОХУ-д баривчилжээ
“Wall Street Journal”-ын сэтгүүлч Эван Гершковичийг ОХУ-д хууль бусаар баривчилсныг АНУ-ын Төрийн департментаас өчигдөр /2023.04.10/ мэдээллээ. Түүнийг гуравдугаар сарын сүүлээр саатуулсан бөгөөд өнгөрсөн Баасан гаригт тагнуулын хэрэгт буруутгажээ. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад Гершковичтой холбогдох эрхийг олгоогүй байна.
Дэлхий даяар хууль бусаар баривчлагдсан АНУ-ын иргэдийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгчийн барьцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн газраар дамжуулан энэ хэргийг шийдвэрлэнэ. Эван Гершковичийг суллуулахын тулд хоригдол солилцоо хийж магадгүй гэж үзэж байна.
“АНУ-ын засгийн газар Гершкович болон түүний гэр бүлд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ. Түүнийг нэн даруй суллахыг ОХУ-аас шаардаж байна. Бид Орост хууль бусаар баривчлагдсан АНУ-ын иргэн Пол Уиланыг ч бас суллахыг уриалж байна” гэж Төрийн департментаас мэдэгдлээ. Пол Уилан нь тагнуулын хэргээр ОХУ-д дөрвөн жил гаруй хоригдож буй бөгөөд АНУ-ын засгийн газар үүнийг үгүйсгэж байна.
Эван Гершкович нь салбартаа нэр хүндтэй сэтгүүлч юм. “Түүнийг баривчилсан нь чөлөөт хэвлэлд халдаж буй явдал. Энэ үйл явдал дэлхийн бүх эрх чөлөөт хүмүүс болон засгийн газруудын дургүйцлийг төрүүлэх нь дамжиггүй” гэж “Wall Street Journal” сэтгүүлээс мэдэгдэв.
Хүйтэн дайнаас хойш АНУ-н сэтгүүлчийг Орост баривчилсан анхны тохиолдол энэ болж байна. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын томоохон дипломатчид хоорондоо утсаар ярьсан нь ч мөн ховорхон үйл явдал болжээ.