Нийгэм
Эмнэлгийн багтаамжгүйгээс эмч нар хүртэл сүрьеэгээр өвдөж байна
Манай улсад сүрьеэ өвчнөөс болж жилд 250 гаруй хүн нас бардаг. Ихэнх нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оноштой. Нас барж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь эмч болон эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас үүдэж буйг мэргэжилтнүүд хэлж байлаа. Уг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Чулуутын аманд дөрвөн давхар “Сүрьеэгийн эмнэлэг” барихаар төлөвлөсөн. Тус эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Өнгөрсөн онд 237 сая төгрөгөөр барилгын зургийн тендер зарлаж, он гарахаас өмнө бэлэн болгосон аж.
“Барилгын хөгжлийн төвөөр зургийг нь магадлалаар оруулж байгаа. Зураг гарсан тохиолдолд тендер зарлана. Байгаль орчны тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл олгосон учраас геологийн судалгаа хийх ёстой. Үүний дараа газрын захирамж гарна” хэмээн ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл ярилаа.
Энэхүү эмнэлэг нь 120 ортой ба зөвхөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд зориулжээ. Жилд бүртгэгддэг 4000 орчим сүрьеэгийн тохиолдлын 300 орчим нь олон эмэнд тэсвэртэй гэж оношлогддог байна.
Өнгөрсөн жил 1400 орчим хүн сүрьеэгийн клиникт хэвтэн эмчлүүлжээ. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиник нь 200 ортой. Нэг өрөөнд 4-5 хүн хэвтэн эмчлүүлдэг аж. “Эмнэлгийн орны эргэлт удаан учраас олон эмэнд тэсвэртэй сүрьеэд зориулсан тусгай эмнэлэг байх зайлшгүй шаардлагатай” хэмээн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эм хариуцсан эмч Р.Дорждэрэм ярив.
Сүрьеэ өвчтэй хүмүүсийн зарим нь хэдхэн хоноод гардаг. Харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөн нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлдэг байна. Тухайн хүний биеийн байдал, хэр олон эрхтэн систем хамарсан, хэр удсан, хэдэн эмэнд тэсвэртэй зэргээс хамаарч эмчлэгдэх хугацаа нь өөр өөр байдаг аж. Тиймээс халдварлалын зэрэглэлээр нь ангилж хэвтүүлдэг. Тухайлбал, хамгийн бага халдвартай уушгины мэдрэг сүрьеэтэй өвчтөнийг нэг давхарт эмчилж байна. Яагаад гэвэл амьсгалын замаар халдварладаг учраас амьсгал доороос дээш чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвдсөн хэвтэн эмчлүүлэгчдийг хөнгөнөөс хүнд гэсэн байдлаар доороос нь дээш давхарт хэвтүүлдэг аж.
ХӨСҮТ нь нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна хэмээн мэргэжилтнүүд үздэг. Сүрьеэгийн тархалт нэмэгдэхэд орчин бас нөлөөлдөг байна. Сүрьеэтэй өвчтөн аль болох том талбайд байх ёстой. Гэтэл ХӨСҮТ-д нэг өрөөнд олон хүн эмчлүүлдэг. Гэтэл, нэг болон олон эмэнд тэсвэртэй, маш олон эмэнд тэсвэртэй өвчтөнүүд нэг давхарт хамт хэвтэж байна. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг болохоор ийм нөхцөлд эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээр нэг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ тусдаг байна. Тиймээс эдгээр хүмүүсийг тусгаарлах зайлшгүй хэрэгтэй аж. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүс шинээр баригдах эмнэлэг рүү явснаар ХӨСҮТ-ийн нөхцөл хамаагүй дээрдэнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөжээ
ХӨСҮТ-д стандарт ярихад хэцүү. Ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасаг хүнд нөхцөлд байдаг. Уг нь эмнэлгийн ажилтнууд өөрсдөө өвдөхгүйн тулд стандартын шаардлага хангасан байранд байх ёстой. Гэтэл сүүлийн үед сүрьеэгийн нянгаар халдварлагдсан агаараар амьсгалах магадлал ихсэж байгаа аж. 2017 оны судалгаанаас харахад ХӨСҮТ-д сүүлийн хэдхэн жилийн хугацаанд 17 орчим эмч, мэргэжилтэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвджээ. Мөн нэг хүн нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа нуулгүй хэлсэн юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор олон асуудал шийдэгдэнэ гэв. Тухайлбал, олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүсээ шинэ эмнэлэг рүү явуулснаар эмчилгээ хийлгэхгүй байгаа болон шинжилгээнд хамрагдахгүй байгаа хүмүүсийг илрүүлэх боломж бүрдэнэ. Мөн сүрьеэгийн клиникт ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна хэмээв.
Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.