Эдийн засаг
ЭТТ: Нүүрс ачилтын тендерээс 4.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хороо нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭТТХК/202302003 дугаартай “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн. Тус тендерт Ти Ти Жи Ви Си Өү ХХК 47,801,366,920, Тэсүн майнинг ХХК 47,426,567,300, “Кэй Эй Рентал Сервис” ХХК 46,071,522,520 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендер тус бүрийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хийж хуульд заасан бүх нөхцөлийг хангасан “Кэй Эй Рентал Сервис” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн.
Ингэхдээ дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалт болон холбогдох дагаж мөрдөх журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлж нүүрс ачилт гүйцэтгэх нэгж үнийг 1,675 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнийн санал ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардан төсөвт өртгийн хэт хөөсрөлтөөс урьдчилан сэргийлснээр 4,7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг бий болгосон. Улмаар удаах үнийн санал ирүүлсэн компаниудаас 1,355,044,780 төгрөгөөс 1,729,844,400 төгрөгийн хооронд бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулсан.
Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа холбогдох хууль болон журмуудыг баримталдаг бөгөөд хууль, журамд тусгаагүй зүйл заалтаар тендер шалгаруулалтыг үнэлэх боломжгүй юм. Төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын байгууллагаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан эрх зүйн акт байхгүй тохиолдолд захиалагч байгууллага нь тус оролцогчийн тендерээс үндэслэлгүй татгалзах хууль зүйн болон ёс зүйн ямар нэгэн зохицуулалт байж болохгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.