Нийгэм
Мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуусыг илрүүлжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны хоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг шалгаж ажиллажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байсан аж.
Эдгээр өдрүүдэд нийслэлд болон орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол, хэрэг бүртгэгдээгүй байна. Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж эхэлжээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажилласанб айна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25-р эмийн сангийн урд замд “H.Elentra” маркийн автомашины жолооч явган зорчигч 21, 23 настай хоёр хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон,
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 67-р сургуулийн баруун замд “H.Aero city” маркийн автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.
Мөн хяналт шалгалтын үеэр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутагт “T.Lexus RX450” маркийн автомашины жолооч, 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүний тоо 56 хувиар, гэмтсэн хүүхэд 50 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 35 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 29 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.