Дэлхий дахинд
Мароккод болсон газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 2800-г давжээ
Мягмар гарагийн өглөөний байдлаар Марокко улсад болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 2800 давжээ. Гамшгаас хойш 72 цаг хэдийн өнгөрсөн боловч нурангиас хүмүүсийг олж аврахыг чармайсаар байна. Газар хөдөлснөөс хойш 3 хоног дотроо хүмүүсийг эсэн мэнд гаргаж авах боломж хамгийн өндөр байдаг. Энэ хугацаа нэгэнт өнгөрсөн тул цаашид хохирогчдын тоо улам нэмэгдэж магадгүй гэж албанынхан мэдээлжээ.
Газар хөдлөлт Марокко улсын өмнөд хэсгийн Атласын нуруу орчимд хамгийн хүчтэй болсон. Уулархаг бүс тул байшин барилга нурахаас гадна уулнаас хад чулуу нурах зэргээр хохирлын хэмжээг улам нэмэгдүүлж, эрлийн ажиллагаанд саад болж байгааг онцгой байдлынхан хэлж байна. НҮБ-ын хүүхдийн сангаас бага насны хүүхдүүд газар хөдлөлтөд хамгийн хүнд нэрвэгдлээ гэж мэдэгдсэн байна. Марокко улсын хүн амын гуравны нэг хэсгийг бага насны хүүхдүүд эзэлдэг. Амь насаараа хохирсон болон орон гэргүй болж, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоо 100 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд их хэмжээгээр сүйдсэн, дээрээс нь шөнөдөө агаарын хэм эрс буурч байгаа нь орон гэрээ алдсан, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай хүмүүст, нэн ялангуяа хүүхдүүдэд хамгийн хүн тусаж байна гэж мөн хэлсэн юм. Гамшигт өртсөн хүмүүст эмнэлгийн тусламж, аврах ажиллагаа явуулахаар НҮБ, Олон улсын улаан загалмай, хавирган сарны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. Мөн гадаад улс орнуудаас очих тусламж нэмэгдсээр байна.
Франц улс Марокко улсад аврах ажиллагаа явуулж байгаа хүмүүнлэгийн байгууллагад 5 сая доллар хандивлана гэж мэдэгдсэн байна. Испани улс 56 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг гамшгийн бүс рүү илгээжээ. Энэ онд мөн газар хөдлөлтөд өртөж, хэдэн арван мянган иргэдээ гамшгаар алдсан Турк улс 265 хүнийг тусламж үзүүлэхээр илгээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Их Британи улс бас 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй онцгой байдлын албаны хүмүүсийг аврах багаж хэрэгсэл, эмнэлгийн тусламжийн хамтаар илгээнэ гэж төлөвлөсөн байна. Мароккотой хилийн маргаанаас болж харилцаа тасраад байсан Алжир улс агаарын хилийн зурвасаа чөлөөлж, олон улсын аврах багийнхан Марокко руу нисэж хүрэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хятад улс дахь улаан загалмайн нийгэмлэг Марокко улс дахь хүмүүнлэгийн байгууллагад 200 мянган ам долларын хандив өгнө гэж Даваа гарагт уламжилсан байна. АНУ-ын зүгээс мөн Мароккод тусламж үзүүлэхэд бэлэн гэсэн бол Дэлхийн Банкны зүгээс бүх талаар тусламж үзүүлэхийг санал болгосон гэж мэдээлжээ.