Нийгэм
Р.Ганбат: Хууль бус мод бэлтгэлийн зөрчил 20 хувиар багассан
Ойн цэвэрлэгээний ажил нэгдүгээр сараас эхэлсэн боловч түймрийн аюултай улирал харьцангуй эрт ирсэн учир түр хугацаагаар зогсоожээ. Энэ жил хэчнээн талбайг цэвэрлэх шаардлагатай болон хууль бус мод бэлтгэлийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.
-Ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн гэсэн. Хэчнээн талбайг цэвэрлэхээр төлөвлөсөн бэ?
-Ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайн хэмжээг БОАЖ-ын сайдын тушаалаар баталдаг. Тодруулбал, тухайн жилд хэчнээн га-д ойн цэвэрлэгээ хийх, хэр хэмжээний мод бэлтгэх зэргийг сайдын тушаал гарсны дараа орон нутагт хүргүүлдэг. Монгол Улсын ойн санд 2.6 орчим сая га талбайд 60 гаруй шоо метр унасан, хатсан модны нөөц байна гэж судалгааны байгууллага тогтоосон.
-Цэвэрлэгээний ажилд компаниуд эрх авч оролцдог гэсэн. Хэдэн байгууллага эрх авсан бэ?
-Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ гэдэг мэргэжлийн чиглэл байдаг. Ойн мэргэжлийн байгууллага гэсэн эрхийг БОАЖЯ-наас олгодог. Энэ чиглэлийн эрхийг авсан байгууллага Монгол Улсын аль ч ойн сан бүхий аймаг, сумдын ИТХ-д хандаад “Танай суманд ой арчилгаа, цэвэрлэгээний ажил хиймээр байна” гэсэн хүсэлтээ гаргаад цэвэрлэгээ хийж болно. Тодруулбал, төв аймгийн ойн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага зөвхөн төв аймагтаа цэвэрлэгээний ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй мэргэжлийн байгууллага бий.
Энэ онд 9000 га-д ойжуулалтын ажил хийнэ
-Ойн цэвэрлэгээний ажил эхлэхээр хууль бус мод бэлтгэлийн асуудал сөхөгдөж эхэлдэг. Ойд ямар зөрчил их гардаг вэ?
-Ард иргэд ачсан мод болгоныг хулгайнх гэж хардаг болсон. Одоо бол тэгж ой руу дураараа ороод, огтлоод хэн дуртай нь ачаад явдаг асуудал бараг байхгүй болсон. Хууль ч чангарсан. 2017 болон 2018 оныг харьцуулахад зөрчлийн тоо 20 гаруй хувиар, хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээ 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2010 онд жилдээ 4000-5000 шоо метр модыг хууль бусаар огтолж байсан бол сүүлийн таван жилийн дунджаар 400-500 шоо метр болж буурсан. Ойд хамгийн их гарч байгаа зөрчил нь мэргэжлийн байгууллага болон нөхөрлөлүүд зааж өгсөн талбайгаас хальж авах, бичиг баримтын болон технологийн холбогдолтой зөрчил байгаа.
-Цэвэрлэгээ хийхээр ойн хэмжээ багасна. Тиймээс нөхөн сэргээх ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хүчтэй цасан болон шороон шуурганаас болж ой их хэмжээгээр унадаг. Мөн ойн түймэр болон хортон шавжийн нөлөөгөөр ойн ургах чадвар алдагдаж, ургах чадваргүй болсон мод байгаль экологидоо сөрөг үр дагавар авчирдаг. Үүнтэй холбоотойгоор ойд цэвэрлэгээний ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Зарим нь байгалийн сэргэн ургалтаар ургадаг. Харин ургах боломжгүй ойн сангийн талбайг зориудаар ойжуулна. Жилд 6000 орчим га-д ойжуулалт хийж байна. Энэ онд 9000 га-д ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн.
-Ойд нөхөн сэргээлтийн ажил хийхэд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Өнгөрсөн жилд 1.5-2 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүгийн асуудлаас болоод хангалттай нөхөн сэргээлтийн ажил хийж чадахгүй байгаа.
-Цэвэрлэж байгаа модоо юунд ашигладаг вэ?
-Монгол Улсын мод бэлтгэлийн хэрэгцээг хангадаг. Түлээний хэрэгцээнд гэхэд улсын хэмжээнд 700-800 мянган шоо метр мод бэлтгэдэг. Үүнээс гадна, хэрэглээний модонд ашигладаг.
Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.