Нийгэм
Н.Батсүмбэрэл: BRT –г шалгаж дуусмагц томилгоо хийх хэрэгтэй

Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилтт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов.
Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар, хурд 3-4 дахин нэмэгдэж, нийтийн тээвэрт тусгай зам гаргаж өгснөөр түгжрэхгүй, хурдан шуурхай иргэдэд үйлчилнэ. Автозамын 2-4 дүгээр эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулах юм бол уг тусгай зам буюу BRT –аар цагт 8000-25000 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж нийслэлчүүд бид авто замын түгжрэлд БАЯРТАЙ гэж хэлэх болно гэх ГАНГАН СУРТАЛЧИЛГАА нэг хэсэг хөвөрсөн санагдана.
Тусгай замын автобус гэдэг энэ нэр томъёо монголчуудад төдийлөн танил биш. Олон улсын нэршил нь Bus rapid transport буюу BRT. Энэ нь ердийн автобусны системд суурилан нэвтрэх чадавхи, хурд, найдвартай байдал зэргийг нь харьцангуй сайжрууллсан нийтийн тээврийн шинэлэг хэлбэр гэж ойлгож болно.
Тусгай замын автобусын / BRT/ сүлжээг гурван хэсэгт хувааж эхний хэсгийг 2018 онд, дараагийн хэсгийг 2019 он, гурав дахийг нь 2020 онд ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл өнөөдөр энэ ажил удааширч, удирдлагын багтай холбоотой ноцтой мэдээллүүд гарч эхлэв.
Өнгөрсөн долоо хоногийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын үеэр Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авч байна. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаадын улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Эдгээр асуудлыг нь шийдэхээс нааш томилгоо хийж болохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана” гэсэн юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ “төслийн эхний хэсгийн ажлын үр дүн хэдийнэ гарч 2019 оны ажлын үр дүнгээ тайлагнах ёстой байтал 1 хуудас тайлан ч байхгүй, 90 гаруй сая төгрөгөөр зугаалсан, асар их мөнгөн дүнтэй шамшигдуулалт энэ төсөл дээр явж буй”-г Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл онцолж байлаа.
Хийж бүтээх чин хүслээр ажилд ханддаггүй, халаас түнтийлгэх зорилгоор ажиллаж ирсэн сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Уг нь бол бидэнд дэлхийн олон оронд нэвтрүүлж, ашиглаж байгаа тусгай замын автобусыг нийтийн тээвэртээ нэвтрүүлсэнээр зорчих хугацаа 20-40 хувь буурхаас гадна байршил тодорхойлох бүртгэл, хяналтын GPS систем бүрэн нэвтэрч, иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ энэ салбарт зарцуулж байгаа үргүй зардлууд хэд дахин буурна гэх дэвшил харагдаж байв.
Түүнчлэн хотын босоо тэнхлэгт нийт 42,5 км заамыг барьж байгуулах, 57 км замыг засварлах, 10 уулзварт өргөтгөлийн ажлууд хийгдэхээс гадна нийслэлчүүд 146 тусгай замын автобустай болж, нийтийн тээврийн хөлдүү,бохир автобусуудаа халах байлаа.
Харамсалтай нь халаасаа захирч чаддаггүй нөхдүүдийн увайгүй үйлдлүүдээс үүдэн энэ ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж дуусах нь талаар болох бололтой.
Ямартай ч хотын хөрөнгөөр зугаалж, иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудын хөрөнгөөс завшдаг, чадваргүй, сэтгэлгүй ажилчдыг том төсөл дээр тохоон томилдог асуудлуудад цэг тавих ёстой гэдгийг Тэргүүлэгч Э.Батсүмбэрэл хатуу анхаарууллаа.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.