Нийгэм
Улаанбаатар-Дарханы замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэхэд хамтарч ажиллахаа ЕСБХБ илэрхийлэв
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванераг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл-өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн энэ чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг онцоллоо. Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан талаар дурдав.Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжид АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм.Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн. Үүний дүнд, эхний ээлжинд ЕСБХБ-наас санхүүжүүлэгдэх 2 эгнээ авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголын хөгжлийн банкнаас түр гаргуулж, ЕСБХБ-тай Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдмагц Монголын хөгжлийн банкинд эргүүлэн төлөх байдлаар шийдвэрлэх гарц байгааг уулзалтын үеэр ЕСБХБ-нд хэлэв.Монголын талын энэхүү нөхөн санхүүжилтийн хэлбэрээр шийдэх саналыг ажлаа эрт эхлүүлэх боломж хэмээн үзэж нааштайгаар хүлээн авч байгаагаа ЕСБХБ-ны зүгээс илэрхийлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа тул төслийг нэн даруй эхлүүлэхэд бүхий л талаар хичээж хамтарч ажиллахаа илэрхийллээ.Эх сурвалж: ЗТХЯ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.