Эдийн засаг
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нд “Инновэйшн Инвестмент” ХХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Д.Даваа, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:
“Сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2023 он Монголын хөрөнгийн зах зээлд өсөлт, амжилтаар дүүрэн өрнүүн жил боллоо. “Монголын хөрөнгийн бирж” ХК үнэт цаасны арилжаа төдийгүй, уул уурхайн таваарын арилжааг явуулдаг болж системээ өргөжүүллээ. Энэхүү өсөлтийн он жилд Монголын хөрөнгийн бирж дээр “Инновэйшн Инвестмент” ХХК хамт олон нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаж буйд баяртай байна.
“Инновэйшн Инвестмент” ХХК нь Монголын зах зээлд арилжааны банкууд болон, цахим мөнгөний зөвшөөрөл бүхий ББСБ-уудын үйл ажиллагааг хялбаршуулах бэлэн бус төлбөр тооцоо, финтек чиглэлийн үйлчилгээний эдийн засгийн эргэлтийг зах зээлд нөлөөлөхүйцээр хөгжүүлэн ажиллаж ирсэн технологи суурьтай инновацлаг компани. 2022 оны байдлаар МУ-ын нийт бэлэн бус гүйлгээний тоо сүүлийн 5 жилийн статистик жилд дунджаас 37%-иар өссөн байхад, QPay үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо 213%-иар өссөн үзүүлэлтээс тус компанийн үйл ажиллагааны амжилт, өсөлтийг харж болохоор байна.
Ийнхүү өнөөдөр хөрөнгийн зах зээлд бүл нэмж буй танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн хамтын ажиллагаагаар энэхүү IPO-д үнэ цэнэ бүтээн оролцож буй андеррайтерын компаниуд, аудит, үнэлгээний компаниудын хамт олны ажил үйлсэд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ:
“Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, дотоодын ААН-үүд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 3 жилд 3 дахин өссөн” гээд “Инновэйшн Инвестмент” ХХК технологийн дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ санхүүгийн байгууллагуудад нийлүүлж, хэрэглэгчдэд үйлчилгээг ойртуулах, хялбаршуулах боломжийг нэвтрүүлж, 2020 он QPay үйлчилгээгээ нэвтрүүлснээс хойш арилжааны 12 банк, 200 мянга гаруй бизнес, үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж 3.2 сая орчим хэрэглэгчтэй болсон нь богино хугацаанд олон нийтэд танигдан, МУ-ын бэлэн бус төлбөр тооцооны системд өөрийн байр суурийг эзэлж чадсан” хэмээн онцлоод хөрөнгө оруулагчаа дээдэлсэн сайн засаглалтай “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д бүтгэл бүхий ТОП компаниудын нэг болж өсч хөгжихийг ерөөлөө.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:
“Орчин үед олон улсын төв банкуудын төлөөллийн уулзалтуудад технологийн дэвшил, өөрчлөлт, финтек сервис, технологийн шинэ шийдлийн нөлөөллийн тухай ярьж байна. Улс орнууд хэдхэн жилийн өмнө зайнаас төлбөр тооцоог хэрхэн хийх вэ гэдгийг судалдаг байсан бол өнгөрсөн жилээс манай арилжааны банкууд төлбөрийн системд оролцогч байгууллагууд зайнаас төлбөр тооцоо хийх картыг нэвтрүүлсэн, мөн төлбөр тооцоог нууцлалтайгаар явуулдаг болсон гэх зэрэг олон дэвшил банкны салбарт гарч ирсэн. Яг энэ сервисийн дараа “Инновэйшн Инвестмент” ХХК нь QR кодоор дамжуулан төлбөр тооцоо хийх технологийг Монголд нэвтрүүлсэн нь банк, санхүүгийн байгууллагуудын зардлыг хэмнэж, хүртээмжийг нэмэгдүүлсэн үйл явц болсон. Төв банк финтек үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хөрөнгийн зах зээл дээр гарахад хойшид ч дэмжин ажиллах болно” хэмээн хэллээ.
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх “Инновэйшн Инвестмент ХХК-ийн нээлттэй компани болох цан цохин ёслолд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Аливаа компани хөрөнгийн биржид гарч IPO гарган, нээлттэй хувьцаат компани болох нь түүхэн үйл явдал юм. Энэхүү үйл явцад хамтран оролцсон үе үеийн удирдлагын баг, хөрөнгө оруулагчид, харилцагч банк, санхүүгийн байгууллагууд, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье” гэв. Түүнчлэн “Бид Монголын хөрөнгийн бирж дээр технологийн компаниудаас анхны IPO хийж байгаадаа баяртай байна. Энэ нь ирээдүйд Монголоос дэлхийд гарах технологийн компаниудын суурийг тавьж байгаа гэдэгтээ итгэл төгс байна” гээд анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм9 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм10 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр9 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа