Эдийн засаг
“ХААН банк” ХК-ийн “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-12-11/ “ХААН Банк” ХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “БиДиСек ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж болон албаны бусад хүмүүс оролцсон. Ёслолын ажиллагааг нээж
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:
“Ногоон бонд хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Банкны салбарын актив хөрөнгийн 32 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлж байгаад баяртай байна.
Хаан банк нь өнгөрсөн 3-р сард олон улсын зах зээл дээр анх удаа ногоон бонд гарган ногоон төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулж буй үйл хэрэг юм.
Тэгвэл өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалах дотоодын анхны ногоон бондыг гаргаж байна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.0%-ийн хүүтэй, 170 мянган ширхэг бондын захиалгыг өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж авна.
Ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож буй энэ цаг үед байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих урт хугацаат эх үүсвэрийг татахаар ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд “Ногоон бонд”-ыг санал болгож буй ХААН банкны хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Түүнчлэн үнэт цаас гаргах үйл ажиллагаанд хамтран ажилласан андеррайтер, хууль зүйн зөвлөх, хөрөнгийн үнэлгээ, аудитын компанийн хамт олон та бүхний ажилд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“ХААН Банк 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дотоодын зах зээлд анхдагч “Ногоон бонд” гаргах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Ногоон санхүүжилт”-ийн замын зураглалыг 2022 онд баталсан. Төр засгаас ногоон эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс анх удаа олон улсын зах зээлээс “Ногоон бонд”-ын санхүүжилтийг татаж чадсан юм. Тэгвэл өнөөдөр мөн анх удаа дотоодын зах зээлээс төгрөг болон ам.долларын хосолсон бонд гаргах үйл ажиллагаа ийнхүү эхэлж байна. 2021 онд СЗХ-ноос “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталсан.
Ингэхдээ БОНД-ыг бүхэлд нь том дүнгээр батлан, зах зээлд үе шаттай, хэсэгчилсэн байдлаар гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Ингэж хэсэгчлэн гарснаар санхүүгийн чадавхын зэрэглэлийг тогтоох байгууллагаас ногоон бонд гаргахад барьцаа хөрөнгө шаардахгүй байх зохицуулалт хийсэн нь өнөөдрийн нөхцөлийг бүрдүүлэх үндэс болсон. Ингээд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн сүүлийн 32 жилийн түүхэнд анхны “Ногоон бонд” гарч буйг онцлоод арилжааны үйл явцад амжилт хүсье” хэмээн хэллээ.
“ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:
Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахад зорьж байгаа. Үүнд хувийн хэвшлийн манлайллыг үзүүлж ХААН Банк анх удаа Ногоон бондын хөтөлбөрөө зарлаж байна. Бид энэ оны 3-р сард ОУ-ын зах зээл дээр МУ-ын анхны ногоон бондыг гаргасан бол өнөөдөр МУ-ын Хөрөнгийн бирж дээр анхны холимог валютаар гаргасан хоёр үе шаттай 30 сая доллартой тэнцэх хэмжээний бондыг гаргаж байна. Өнөөдөр эрхний үе шат буюу 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Дараачийн шатанд 25 сая долларын бондыг стратегийн хөрөнгө оруулагчдад зориулж гаргана.
Бид Ногоон бондыг гаргах явцдаа гадаадын банк санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчдыг татсан явдал нь энэхүү үйл явдлыг илүү онцлог болгож байна. МУ-ыг дэлхийн тавцанд ногоон хөгжил, ногоон эдийн засагт илүү анхаарлаа хандуулдаг гэдгийг бусад улс орны банк санхүүгийн байгууллагуудын анхааралд аваачих нь бидний зорилгын нэг хэсэг юм” гээд “Ногоон бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон тээвэр, ногоон барилга зэрэг үндсэн долоон чиглэлийг санхүүжүүлэхэд зарцуулах болно. Ирээдүйн хөрөнгө оруулагч та бүхэнтэйгээ урт хугацаанд үр дүнтэй амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэл төгс байна” гэсэн юм.
Төгсгөлд нь тэрээр анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм9 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм10 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр9 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа