Улс төр
Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний талаарх ажлаа ирэх нэгдүгээр сард танилцуулна. Татварын реформ нь хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал бол аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй хүнсний хангамж, шимт чанарын цогц ойлголт учраас дэлхийн бүх улс орнууд татварын бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг аж. Хүнсний хувьсгал бодитой хэрэгжих үндэс бол татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл юм. Гэтэл манай үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор хавчин өрөнд оруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхгүй байна. Иймд импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг дэмжихэд та бүхний оролцоо, дэмжлэг чухал юм гэлээ.
“Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Болод “Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх арга замууд”-ын талаар товч мэдээлэл хийсний дараа оролцогчид салбар бүрт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, татвар болон бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын системийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаж байлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал, Монголын тариаланчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, “Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Энхбилэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэд тэргүүн Б.Энх-Амгалан, “Монголын шингэн хүнс үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн С.Жаргалсайхан, “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгч, нягтлан холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо”-ны тэргүүн Л.Эрхэмбаяр, “Бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мөнхзул, “Монгол Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Төгсөө, Нийслэлийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн Р.Сансармаа, “Монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга С.Болор, “Тослог ургамал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн У.Мөнхжаргал, “Монголын давсдын холбоо”-ны тэргүүн Э.Сүхбаатар, “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ын дарга Ч.Пэрэнлэй, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Оюунчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд, “ОБ пластик” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа