Нийгэм
Орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр “Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа.
Уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов.
Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв.
Мөн орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долоодугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг.
Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна. Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэллээ.
“Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми “Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн.
Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна” гэж байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.