Нийгэм
Х.Нямбаатар: Халианы мөсийг хэт ихээр зөөвөл хуурайшил үүсэх тул зохих түвшинд байлгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна
Сэлбэ, Туул, Нарангийн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа, тошин үүсээд байна.
Үүнээс зургаан байршилд өмнөх жилүүдийн дунджаас их буюу 20 орчим см-ээр илүү хэмжээтэй халиа үүсээд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэг, Сэлбэ гол орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Голын далан, гүүрийн байгууламжид эвдрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас халиа тошин үүссэн байршлуудад тогтмол арга хэмжээ авч, хянан ажиллаж байгаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 1, 2 дугаар сар нь халиа үүсэх хамгийн оргил үе байдаг бөгөөд гуравдугаар сараас суулт өгч эхэлдэг. Халианы мөсийг огцом, хэт ихээр зөөвөл 3, 4 дүгээр сард хэт хуурайшил үүсэх эрсдэлтэйг мөн хэлсэн тул зохих түвшинд нь байлгах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна” гэлээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Сэлбэ голын гүүрэн доорх дулааны шугамд халиа тулж, уур гарч буйтай холбоотойгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтнүүд тухайн байршилд үзлэг шалгалт хийсэн. Үзлэгийн дүнд уг хэсэгт аваарын нөхцөл байдал үүсээгүй гэх дүгнэлт гарсан юм. ГУББГ-ын зүгээс халиатай хэсэгт мөсийг сувагчлах, гарсан мөсөөр далан босгох, халиа үүсээгүй хэсэгт сувгийг задалж, усыг урсгах зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэж байна” хэмээлээ.
Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.