Нийгэм
“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.
Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим ЖДҮҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлийн хэмжээнд 45 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 600 мянга гаруй ажлын байр бий болгож байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлж буй. Энэ тоог өсгөх боломж бид бүхэнд бий. “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ жил үүнээс илүү орлого олох болов уу гэсэн хүлээлттэй байна. Иргэдийгээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, идээ хүнсээрээ тавгаа засахыг уриалъя. Мөн эндээс олон аж ахуйн нэгж хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ирэх жилээс “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮҮ эрхлэгчид бол улсын хэмжээний аж ахуйн нэгжийн 85 хувийг бүрдүүлдэг бөгөөд ажлын байрыг олноор бий болгодог стратегийн чухал салбар” гэлээ.
Хан-Уул дүүргийн “Нүдэн Арт хаус” ХХК-ийн хувьд л гэхэд 2018 оноос үндэсний, өдөр тутмын болон загварын хувцас урлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хувцсаа өдөр тутам өмсөхөд зориулан урладгаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд оролцож байв.
Хэнтий аймгийн “Сүүн биндэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан “Би хоёр жилийн өмнө ах, дүүгийнхээ тусламжтайгаар сүүний цех байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа тус үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манайх 150 гаруй өрхөөс сүү авч, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг. Цаашид нэр төрлөө олшруулж, тогтмол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн тухайд манай цех “Е-март”, “Номин сүлжээ дэлгүүр зэрэг таван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жил зөвхөн тус үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулаад байгаа” гэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.