Нийгэм
Засгийн газраас нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд 50 мянган төгрөгөөр дэмжинэ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, сайжруулахаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрүүд, зуух үйлдвэрлэгч, “Майдар” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйл ажиллагааны эхний зогсоол “Тавантолгой түлш” ХХК-ийн Толгойт дахь үйлдвэр байв. Энэ үйлдвэр 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 240 ажилчинтай бөгөөд үйл ажиллагаа нь тэлснээр нийт 760 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой гэнэ.
Тэд 18 төрлийн шат дамжлагаар олон айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахаар зорьж ажиллаж байгаа юм байна. Сонгинохайрхан, Баянхошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдлын нэгдүгээр зэрэгтэй бүсэд амьдардаг айл өрхийн галлагаанд туршилтаа эхлүүлж, сайжруулсан түлш борлуулж байгаа аж. Нэг тонн шахмал түлшийг гэхэд хоёр cap хэрэглэдэг.
Нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлш дунджаар 3,750 төгрөг бол нэг тонныг 150 мянган төгрөг байхаар өртгийг нь тооцжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатарт 200 мянга гаруй яндан байгаа. Иймээс иргэдээ хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд янданг бууруулж, агаарын бохирдол, цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Энэ урт хугацааны ажилд нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай боловч богино хугацааны зорилтын хүрээнд түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг үр дүнтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа. Улаанбаатарын иргэд жилд нэг сая тонн орчим түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол шахмал түлш хэрэглэснээр 500 мянган тонныг л хэрэглэнэ гэж үзэж байгаа. Иймээс утааг хоёр дахин бууруулах зорилттой эдгээр ажлуудтай танилцаж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн улсын үйлдвэр болон Налайх дүүрэг дэх хувийн хэвшлийн 200-300 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй танилцана. Үйлдвэрүүдийн хүчин чадал болон сайжруулсан түлшний чанарыг утааг бууруулах зорилттой уялдуулан судална. Ингэснээр тавдугаар сараас түүхий нүүрс борлуулахгүй байх, утааг бууруулах Засгийн газрын зорилтод нийцэхээр байвал УИХ-д энэ ажлыг дэмжихийг шаардаж ажиллана.
Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгчид нэг тонн шахмал түлш үйлдвэрлээд борлуулсан тохиолдолд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжиж байгаа. Илүү бодитойгоор, илүү үр дүнтэйгээр, түүхий нүүрстэй ижил үнэтэй шахмал түлшийг иргэдэд худалдаалах хэрэгтэй. Мөн гэр хорооллын дэд бүтэц, агаарын чанарт нөлөөлөх ямар ажил хэрэгжүүлбэл ил үү үр дүнд хүрэхийг судалж байна” гэлээ.
Нийслэлийн 220 мянган өрх айлыг бүгдийг нь сайжруулсан шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол 50 хувиар буурна хэмээн үйлдвэрлэгчид, судлаачид тооцсон. Үүний тулд Засгийн газраас улсын болон хувийн хэвшлийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдтэй харилцан уялдаатай ажиллах нь чухал юм. Энэ асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай ярилцлаа.
М.ГАНБААТАР: АЙЛ ӨРХ БҮРТ ШАХМАЛ ТҮЛШИЙГ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Танайд үйлдвэрлэж байгаа сайжруулсан “САЙН” түлш технологийн хувьд хэр онцлогтой вэ. Үйлдвэрийн хүчин чадал ямар байна вэ?
-Манай үйлдвэр Тавантолгойн дэлхийн стандартын коксжсон нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадгаараа онцлог. Түүхий нүүрстэй харьцуулшгүй чанартай. Хамгийн чухал нь агаарын чанарт эергээр нөлөөлж, утааг хоёр дахин бууруулах зорилгоор иргэдэд таалагдсан түлш үйлдвэрлэхийг зорьж байна. Үйлдвэрт ашиглаж байгаа цэвэршүүлэгч технологийн хувьд ч үүнд нөлөөлөх болов уу.
Дэлхий дахинд шахмал түлш амжилттай нэвтрүүлж, утааг бууруулсан арга технологийг ч судалж үзсэн. Манай улсад ч агаарын бохирдлыг бууруулахаар ажлууд хийж ирсэн. Их үр дүнтэй байгаагүй ч туршлагыг судалж, ил үү сайжруулахаар ажилласаар байна. Одоогоор Толгойт, “ТЭЦ II” дахь үйлдвэрүүд нийлээд 300 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Өргөжих ч боломж бий.
-Чанарын хувьд юугаараа онцлог вэ?
-Бүх төрлийн зууханд ашиглаж болохыг туршилтаар тогтоосон. Илчлэг өндөр эрчим хүчний нүүрс учраас зарим хүмүүсийн яриад байгаа шиг зуухыг хайлуулах хэмжээнд илчлэгтэй биш ч одоогийн Налайх, Багануурын олборлож байгаа түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг маш сайтай юм. Шаталтын хугацаа урт учраас олон дахин нүүрс түлдэг байдлыг хоёр дахин бууруулж, үүнийгээ дагаж утааг ч хоёр дахин бууруулна гэж тооцож байгаа. Иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлнэ. Бүрэн шаталттай учраас үнс харьцангуй бага гарна шүү дээ.
-Эдийн засагт хэмнэлттэй гэлээ. Өртгийг хэд байхаар тооцож байгаа вэ?
-Заавал амьжиргаа сайн иргэд худалдаж авахаар биш хүн бүхэн, айл өрх болгон хэрэглэж болохуйцаар өртөг тогтоох нь чухал учраас түүхий нүүрстэй ижил үнээр буюу нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгт барихаар судалж байгаа. Налайхын түүхий нүүрс гэхэд нэг тонн нь 200-220 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Хувийн шахмал түлшний үйлдвэрүүдтэй харьцуулахад хэр чанартай гэж бодож байна вэ?
-Нийслэлийг тэр чигээр нь шахмал түлшээр хангах хэрэгцээ их байгаа учраас үйлдвэрүүд хамтарч ажиллаж, илүү сайн түлш үйлдвэрлэж, утааг бууруулах зорилгоо л биелүүлэх хэрэгтэй байна.
-Туршилтаар борлуулж байгаа гэсэн. Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхээ боливол борлуулалт эрс өснө. Энэ үед яаж ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Айл өрх бүрт болон дэлгүүрт, задгайгаар захуудад шахмал түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Нүүрс борлуулалтын чиглэлээр 20 мянга орчим ажлын байр байдаг. Харин нэг мянга орчим борлуулагч цэгтэй байхаар төлөвлөж байгаа. Түүхий нүүрсийг олон хүний хүчин чармайлтаар боловсруулж, сайн чанарын шахмал түлшийг иргэдэд хүргэвэл, шахмал түлш гэдэг нь ховор, үнэтэй бүтээгдэхүүн биш болчихвол сайхан байна. Шахмал түлшний салбар шинэ салбар учраас илүү л хичээл зүтгэлийг шаардаж байна даа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.