Нийгэм
Ш.Нямсүрэн: Аюулгүй байдлын соёлыг хамтдаа бүтээе, төлөвшүүлье
УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Та бол УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг. Тэгэхээр шинэ тутам энэхүү ойлголтыг төмөр замд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага нь чухам юунаас урган гарав гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?
-Аливаа байгууллагын зорилго нь аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үргүй зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх, зах зээлийн төлөвт хамрах хүрээгээ тэлэх, эрсдлийг тооцож даван туулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг нийтлэг олон зорилтод чиглэдэг. Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд өргөн интеграци бүхий системчилсэн удирдлагын цогц шийдэл, тохирсон арга барил, тогтолцоог хэрэгжүүлэхээр менежментийн буюу удирдахуйн шинжлэх ухаан хөгжиж ирсэн. Манай төмөр замын салбарт ч мөн адил олон улсын жишигт шалгарсан тэр л арга барилыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Тэгэхээр энэ нь нэг талаараа цаг үеийн шаардлага байсан гэж үзэж болно. “Safety Management System” буюу “Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-г олон байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байна. Бүх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг томоохон байгууллагууд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, найдвартай байдлыг хангахын тулд системтэй үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зорьдог. Бидэнд ч бас энэ зарчмаар Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарсан.
–Менежментийн нэгдсэн тогтолцооны системийг УБТЗ-ын хэмжээнд өргөн далайцтайгаар хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монголын томоохон үйлдвэр үйлчилгээний байгууллагууд болон бидний хэрэглэгч, харилцагчид хэдийнэ нэвтрүүлсэн. Зарим нь одоо ид нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Эрчим хүч, ус хангамжийн I анги, Зорчигчийн вагон депо гэхчлэн манай зарим байгууллага ч бие даасан байдлаар энэ тогтолцоог нэвтрүүлсэн нь томоохон түлхэц болсон болов уу?
-УБТЗ ХНН-т 2013 оноос Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр баг хамт олон байгууллага тус бүрдээ ажиллаж эхэлсэн. Тэр үеэс манай инженер техникийн ажилтнууд тогтолцооны менежментийн ач холбогдол хэрэгцээг олж харсан байдаг.
Миний бие 2017 онд Замын Ерөнхий инженерийн орлогчоор томилогдоход Замын даргын нэгдсэн хурлаас УБТЗ-ын хэмжээнд “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-ны системийг нэвтрүүлэх өргөн хүрээтэй үүрэг даалгаврыг гүйцэтгэх үүргийг өгч удирдлагын зүгээс бүрэн дэмжихээ амлаж байсан юм. Улмаар эрсдлийн үнэлгээг хийх, менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх гэсэн томоохон үүргийг тухайн үеийн Судалгаа шинжилгээ технологийн төв /одоогийн Техникийн бодлого, стандартчиллын алба/-д даалгаж, үүнтэй холбоотой шийдвэр гарч байсныг тод санаж байна. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажил бол шууд өнөөдөр бий болчихгүй асуудал л даа. Урт хугацааны үе шаттай бодлого төлөвлөлт, тасралтгүй сайжруулалт хийж байж сая үр дүнгээ өгдөг зүйл. Бас огт байдаггүй юмыг шинээр бий болгож байгаа зүйл бас биш, одоогийн байгаа тогтолцоог шаардлагад нийцүүлэн системчлэх, ангилал бий болгох асуудал юм. УБТЗ ХНН нь нийгэмлэгийн хэмжээнд стандартчилал, эрсдэл хариуцсан алба, нэгж байгуулж бодлогоор удирдан чиглүүлж ирсэн нь түүхэн алхам болсон. Иймдээ ч бид стандарт, менежментийн тогтолцооны чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж зөвлөгөө авах, бодлогоор Замын хэмжээнд нэгдсэн системээр хэрэгжүүлэх, олон улсын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нэг “хэлээр” ярих тогтолцооны ондоошилгүй болох гээд олон давуу талыг бий болгосон.
-Менежментийн нэгдсэн тогтолцоо болон олон улсын стандартыг нэвтрүүлж эхэлсэн үеийг өнөөтэй харьцуулбал ямар үр дүнд гарч байна вэ?
-Дэлхий нийт даяаршиж төмөр замын салбарын хөгжил дэвшлийн хурд сар, өдрөөр биш минут, секундээр хэмжигдэж байна. Энэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, дэлхийн жишигт нийцэж ажиллах шаардлага бидний өмнө тулгарлаа. Товчхондоо Менежментийн нэгдсэн тогтолцоо гэдэг дэлхий нийтийн ерөнхий хэл болоод байна. УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр бид байгууллагын соёл, хувь хүний хандлага, аюулгүй байдлын бодлого, хөтөлбөр, эрсдлийг удирдах зэрэг олон шинэлэг ойлголтыг өгсөн. Ингэснээр зохион байгуулж буй ажлууд маань илүү эмх цэгцтэй, оновчтой, харилцан уялдаатай, үр өгөөжтэй болж эхэлсэн. Ажилтнууд маань ч менежментийн тогтолцооны талаар зохих мэдлэг, ойлголттой болсон. Менежментийн нэгдсэн тогтолцооны хамгийн чухал үр дүн бол аюулгүй байдлыг чанаржуулж, үргүй зардал буурч, аливаа хөрөнгө оруулалтыг эрсдлийн үнэлгээнд тулгуурласан бодитой тооцоо судалгаанд хийж, үр өгөөжийг тооцдог болсон явдал юм. Энгийн жишээ дурдахад, саяхны Замын даргын намрын үзлэгээр Замын I ангийн Зүүнхараа хэсгийн тор засагч өөрийн ажлын байрандаа эрсдлийн үнэлгээ хийсэн байсан.
Мал, амьтан төмөр замын хориг хашаан дотор орж галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж, хориг хашааны бүрэн бүтэн байдлыг хангах нь тор засагчийн ажлын үндсэн үүрэг. Тухайн тор засагч хориг хашааны эрсдлийн үнэлгээнд мал орох боломжгүй стандартын дагуу зохих хэмжээтэй хориг хашааг ногооноор буюу эрсдэл багатайгаар, өргөст тор, шонгууд нь муудсан хэсгийг улаан, шар өнгөөр ялган тэмдэглэж бүдүүвч зураг дээр тэмдэглэснээ танилцуулсан. Ингэснээр тухайн эрсдэлтэй цэгүүдэд илүү анхаарч, шинээр өргөст торны хангалт хийгдмэгц нэн тэргүүнд улаанаар тэмдэглэсэн цэгүүдийн хориг хашааг сайжруулж эрсдлийг бууруулж ажиллахаар төлөвлөсөн байсан. Менежментийн тогтолцоо, эрсдлийн үнэлгээ, эрсдлийг удирдах ажлууд ийнхүү биеллээ олж, бодит ажил болсныг хараад үнэхээр бахархсан. Энэ мэтчилэн Замын хэмжээнд салбар нэгж, цех тасаг бүр Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж, нутагшуулж чадвал үргүй зардал буурах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, аюулгүй байдал дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Бид өдөр бүр алхам алхмаар урагшилж, өнгөрснөөсөө суралцаж, өчигдрөөсөө илүү сайжирч байгаад бүрэн итгэлтэй байна.
-Менежментийн нэгдсэн тогтолцооны салшгүй хэсэг бол мэдээж “Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”. Тухайн үеэс эхлэн та бүхэн менежментийн нэгдсэн тогтолцооны стандартуудын шаардлагыг өөрийн байгууллагад хангуулахаас гадна аюулгүй байдлын системийг бий болгох чиглэлд ямар зорилт дэвшүүлж байсан бэ. Одоо тэр алсын зорилгынхоо аль түвшинд байгаа вэ?
-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр аюулгүй байдлыг дээшлүүлэх нь бидний хэтийн зорилго бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд бодлого, хөтөлбөрөө тодорхойлж нийт төмөр замчдадаа таниулж, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлуудыг хамтдаа “нэг цонх”-оор хардаг болох нь бидний эхний зорилт байсныг та бүхэн мэднэ. 2023 онд энэ зорилтоо биелүүлж чадсан гэж дүгнэж байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр “Төмөр замын тээврийн аюулгүй байдлын менежмент” сэдэвт ээлжит аюулгүй байдлын зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Тус арга хэмжээнээс бид үндсэн дөрвөн шийдвэрт хүрсэн. Үүнд, “Аюулгүй байдлын менежментийн тогтолцоог сайжруулах”, “2023-2026 оны дунд хугацааны хөтөлбөрт зохих тодотголыг оруулж биелэлтийг хангах”, “Эрсдлийг бууруулах, ГТХАБ-ыг хангах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх” гэсэн зорилтуудаас гадна “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” гэсэн зорилтууд тусгагдсан. “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” зорилтынхоо дотор “Аюулгүй байдлын нээлттэй мэдээллийн системийг нэвтрүүлэх”, “Сахилгын бодлогыг шинэчлэх”, “Урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх”, “Аюулгүй байдлын соёлын өдөртэй болох”, “Болзолт уралдаан зарлах”, “Тайлан хэрэгжилтийг улирал бүр дүгнэж ажиллах” гэсэн чиглэлүүдийг тусган ажиллаж байгаа. Түүнчлэн, 2023 оноос эхлэн УБТЗ-д нэвтрүүлж буй Аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бид цаашид сайжруулан хөгжүүлж бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсанаар аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зорилгодоо хүрэх болно. Шинэ тогтолцоо, системийг бүрдүүлэхэд зөв бодлого төлөвлөлтөөс гадна цаг хугацаа, нөр их хөдөлмөр зүтгэл шаардагдаж байгааг энд онцлох нь зүйтэй болов уу.
-Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, биелүүлэх ёстой үүрэг даалгавар гэхээсээ илүү байгууллагын соёл болгон төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллах нь өндөр үр дүнг авчрах байх уу?
-Тийм шүү. Тээх нэвтрүүлэх чадвараас давсан олон сая тонн ачааг тээвэрлэнэ гэхээс илүү аюулгүй байдлын шинэ соёлыг бүтээж урт хугацаандаа аюулгүй байдлыг тогтвортой хангах бидний эрхэм зорилго юм. Аюулгүй байдлыг хангуулснаар гологдол, дутагдал, үл тохирлоос шалтгаалсан зардал буурах нь дамжиггүй. Аюулгүй байдлыг хангаж ажиллах нь тээврийн үйлчилгээгээр дамжуулан улс орны эдийн засгийн нэгэн тулгуур багана болсон төмөр замчид бидний нэн тэргүүний үүрэг юм. Тиймдээ ч Замын даргын 2023 оны нэгдүгээр сарын 02-ны А/02 тушаалын III хавсралтаар “УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан.
Энэхүү шинэчлэн батлагдсан аюулгүй байдлын сахилгын бодлогын гол зорилго нь гологдол, дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ажилтан, байгууллагын удирдлагуудын хоорондын харилцаа, ажлын уялдааг бий болгох замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах явдал юм.
Жишээ нь, бид МИАТ-д хэрэгждэг “Нээлттэй мэдээллийн систем”-ийг энэхүү бодлогоор дамжуулан бий болгохыг зорьсон. Хэрэв ажилтан алдаа, дутагдал гаргасан даруйдаа холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг байх. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч болзошгүй аюул, ослоос өөрийгөө болон хамт олноо хамгаалж аюулгүй байдлыг хангуулж чадсан тохиолдолд заавал шийтгэл буюу сахилгын арга хэмжээ тооцож, цалин хөлсийг нь хасдаг байдлыг өөрчлөхийг зорьсон. Ийм арга барил нь эргээд ажилтанд сэтгэл зүйн дарамт учруулахаас эхлээд сөрөг үр дагаврыг авчирдаг төдийгүй, үр дүн ч багатай. Аюулгүй байдлын эерэг соёлыг дэлгэрүүлж чадсанаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулах бүрэн боломжтой.
-2023 оны төгсгөлд эргээд харахад нийт төмөр замчид менежментийн нэгдсэн тогтолцооны чиглэлд хэр багцаанд явна вэ?
-Бид олон улсын аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгодоо тодорхой хэмжээнд хүрснийг би ярилцлагынхаа эхэнд дурдсан. 2023 онд эхний алхам буюу бодлогын баримт бичиг, дунд хугацааны хөтөлбөр, сахилгын бодлогоо батлуулж хэрэгжүүлэн оны эцэст ажлаа дүгнэхэд зохих үр дүнд хүрсэн байна. Мөн 2023-2026 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд бид жил бүр заалт бүрээр хийсэн ажлуудын биелэлтийг дүгнэж зохих тодотголыг оруулж ажиллаж байна. “УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого”-ыг дахин авч үзэж, холбогдох зүйл заалтуудыг өөрчилж, шинэчлэх шаардлагатай болох нь 2023 оны хэрэгжилтийг дүгнэх явцад тодорхой харагдлаа. Иймд бид 2024 онд аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд бодит ажил болсон зүйлүүдийг илүү баримтад тулгуурлан дүгнэе гэвэл та юуг онцлох вэ?
-Бид зөвхөн хөдөлгөөний аюулгүй байдал, ХАБЭА-н чиглэлээр бусад бүх чиглэлээр санхүүгийн, техникийн нөөцийн, барилга байгууламжийн гэх мэт бүхий л чиглэлээр эрсдлээ үнэлж, эрсдлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж хэвшээд байна. 2022 оны сүүлийн хагас жилд Замын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдлийн дундаж үнэлгээ 5.7 байсан бол 2023 оны эхний хагас жилд 6.6 болж нэмэгдсэн. Энэ нь бид эрсдлээ илүү бодитойгоор үнэлж сурч буйн нотолгоо юм. Аюул, эрсдлийг нуун дарагдуулах биш хамтдаа бодитоор үнэлж эрсдлийг арилгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах нь хаана хаанаа чухал.
Иймээс 2023 онд Тээврийн хяналт алба, чиглэл хариуцсан хяналтын байцаагч нар зөвлөн туслах, техникийн сургалтууд түлхүү зохион байгуулж ажилласан. Мөн хяналт шалгалтын “Е-норматив” программыг Мэдээллийн технологийн албаны программист инженерүүдийн хамт шинэчлэн боловсруулж гар утасны аппликейшн болгон хөгжүүлж бүрэн цахимжуулж чадсаныг дуулгахад таатай байна. Бидний зорилго том, хүрэх цэг хол харагдавч хийж бүтээсэн зүйлүүд, хуримтлуулсан туршлага маань арвин.
Тийм ч учраас алхам алхмаар урагшлах хамт олны хөдөлмөр зохих үр дүнгээ өгч жилээс жилд ахиц дэвшил авчирсаар байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бүхий л санал, санаачлагыг дэмжин бодитой ажил хэрэг болгохыг зорьж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Аливаа байгууллагын соёл нь байгууллагын дарга буюу дээд удирдлагын манлайллаас эхэлдэг. 2023 онд Замын дарга зургаан зүйлтэй үүрэг амлалт өгч байсан бол Аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлэх тухай “Тэргүүн үг”-ээрээ дамжуулан нийт төмөр замчдадаа уриалсан. Аюулгүй байдлыг хангахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо чухал. 2024 онд “Аюулгүй байдлын эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” гэж нийт төмөр замчдадаа дахин уриалъя.
Эх сурвалж: ЗТХЯ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.