Нийгэм
Автомашины “Азын” гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулснаар 12.7 тэрбум төгрөгийн орлогыг тусгай санд төвлөрүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлого төвлөрүүлж “Хүүхдийн төлөө санд”-д төвлөрүүлээд байна.
“Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд 2 удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.
Ингэснээр Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов. Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудыг дуудлага худалдааг зохион байгуулж, 2021 онд 1998 ширхэг дугаарыг нийт 3,630,800,000 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн 3 жилийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн “Хүүхдийн төлөө санд”-д шилжүүлсэн байна.
Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.