Нийгэм
Зудын нөхцөл байдлын улмаас сурагчид сургуульдаа ирж чадахгүй байна
Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний 8 сургуулийн нэг юм. Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай орон нутгийн болон сургуулийн удирдлагууд ярилаа.
Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.
Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг уламжиллаа.
Тус сургууль нөхөн хангалтын зардлаараа 25 таблетыг шийдвэрлэсэн. 10 таблет EDUTEN платформыг хэрэгжүүлэхэд 15 таблетыг PEARSON платформ дээр ашиглаж байна. Дотуур байрын сурагчидтай уулзахад EDUTEN платформыг ашиглан суралцах нь илүү сонирхолтой байдаг талаар ярьж байлаа.
Цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байна. Энэ жилээс Амьдралын мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ангиудад ухаалаг дэлгэц хэрэгтэй байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.