Connect with us

Улс төр

Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь та бидний эрхэм чухал зорилт байх болно

Нийтэлсэн

-

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган болох ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно. Парламентад ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх, сонгодог парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд “Их хуралдай” танхимд өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.

Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, Парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасанд, намчирхал талцлаас илүү язгуур эрх ашигтаа үнэнч байж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжлийн гүн бат суурийг тавих үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм. Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэж, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг, ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт, шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ. Тиймээс туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаа бурууг засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн. “Чиглэлийг нь тодорхойлж үл болох, үй түмэн молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөнийг нэг зүгт эмхлэн чиглүүлбэл энерги болж хувирдаг” физикийн ердийн онол нийгмийн хөгжил, хөдөлгөөнд ч хамаатай. Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна. Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг.  Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засшийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийсэн улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд хагархай цонхуудаа бүтэн болгоод зогсохгүй, цаашид цонх хагарахгүй байх дархлааг бий болгоход чиглэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь ардчилсан Монгол Улс оршин тогтнохын нэг үндсэн баталгаа юм. Тиймээс 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, монгол хүний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд бодитой ахиц өөрчлөлт гарч эхэлсэн. 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох нь Монгол төрийг, Монголын нийгмийг авлигаас ангижруулах үндсэн хүчин зүйл мөн. Улс төр, засаглалын реформын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоотой болох өөрчлөлтийг 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан. Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эдгээр нь гишүүдийнхээ тоог олшруулсан төдий өөрчлөлт биш, парламентат ёсоо улам бэхжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлэг, кластерийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, “мөнгөний сонгууль”-иас татгалзахад чиглэсэн юм. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарласан. Хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнтэй уялдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, засаг захиргааны шинэчлэлийн эхлэлийг тавилаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтын бүрэн эрхээ парламент өөрийн гарт авсан.

Үүний үр дүнд хяналт босоогоос хэвтээ тэнхлэгт шилжиж, ард олон, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй хамтарсан хүчтэй, шударга хяналтын тогтолцоо бүрдэж байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар парламентад Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож, ард түмний мэдэх эрхийг хангасан. “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл”, “2023, 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөө” зэрэг урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдийг баталж, эдийн засаг, төсвийн реформыг эхлүүлэв. Нийгмийн бодлогын хүрээнд Нийгмийн даатгал, Боловсролын салбарын багц хуулиудыг баталж, эрүүл мэндийн салбарын хуулиудад өөрчлөлт оруулсан нь олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо. Бүхэлдээ энэ нь монгол хүний хөгжлийг хангахад чиглэсэн юм. Цахим шилжилт хийж, “3D” буюу цахим парламент болох чиглэлээр бидний хэрэгжүүлсэн ажил олон шинэ өөрчлөлтийг авчирч байна. “D-parliament” систем ард түмэн засаглах эрхийг хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж өгч байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулганаар эдгээр эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Үүгээрээ бид бахархдаг. Харвардын их сургуулийн профессор Ричард Вийтор “Улс орнууд хэрхэн өрсөлддөг вэ” номдоо “Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүний хүчин чадал нь хүний нөөц, технологийн нөөц, капиталын нөөц, газар нутаг- байгалийн нөөцөөс хамаарна” гэжээ. Тэгвэл бидэнд 1.5 сая ам. дөрвөлжин км өргөн уудам, үржил шимт, үзэсгэлэнт сайхан газар нутаг бий. Байгалийн асар их баялгаараа дэлхийд гайхагддаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс хэнээс ч үл хамааран, үнэ цэнэтэй оршин тогтнох, Монголын ондоошил, ижилслийг дэлхийд дархлах хангалттай боломж байна. Энэ боломж нь Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Монгол хүн монгол газартаа, Монголынхоо баялагт эзэн нь байх ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг энэ парламент тууштай мөрдсөн. “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой. Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой. “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд Нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. Хууль бусаар бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний жижигхэн ордыг төр, ард түмний өмчлөлд буцаан авснаар 400 гаруй мянган ахмадын 900 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүйд нь нөхөх олговор олгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.  Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно. Нөгөө талаар парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, шинжлэх ухаанч мэтгэлцээн, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох засаглалыг төлөвшүүлэх үзэл баримтлалд суурилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлах чухал үүрэг, хариуцлага биднийг хүлээж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой. Энэ удаагийн цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна. Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл саруул аж төрөхийн нэг чухал баталгаа төдийгүй нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалах, өвийг хадгалах үнэт зүйл мөн гэдгийг санацгаая.

Эрхэм гишүүд ээ,

Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр Нэг Монгол болж нэгдэх, Нэг зүгт хамтдаа харах, Цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түрж, Шинэ сэргэлтийг хамтдаа бүтээхийг УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард түмэндээ уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Инновац, цахим бодлогын байнгын хороо Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
2 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
3 Эдийн засгийн байнгын хороо “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Үндсэн хууль”
4 Хууль зүйн байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Их засаг”
5 УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
6 УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.30 214 тоот
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм3 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм3 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм6 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад6 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм8 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм8 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим