Улс төр
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах, өрх бүлийн амьжиргаа дээшлэх, амьдралын чанар сайжрах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж Ерөнхийлөгч үзэж байна.
Иймээс:
- Салбарын эрх зүй, санхүү, татвар, даатгалын таатай орчин бий болгох,
- Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, өндөр чанартай түүхий эд бэлтгэх болон малын гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо хөгжүүлэх,
- Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх,
- Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, давтан сургах,
- Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлэв.
Үүнд төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэг зорилго, нэг бодлого чухал гэдгийг онцолж, бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт арьс, арьсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машины эд ангиуд, цаас, цаасан бүтээгдэхүүн болон хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспорт нэмэгдэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой гэж үздэг.
1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна.
Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.
1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан нь орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэл байсан түүхтэй. Үүнээс өмнө энэ салбар гар урчууд, төмөр болон мөнгөний дархчуудаас бүрдсэн гар үйлдвэрлэлд түшиглэж байлаа.
1940-1950 онд малын гаралтай түүхий эдээ ашиглан дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан.
1960-1990 онд олон хөнгөн аж үйлдвэр бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин, үр ашиг, чанарын үзүүлэлтүүд эрс сайжирч, шаардлагатай боловсон хүчнээ эх орондоо бэлдэж байсан түүхтэй юм.
Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
·Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
·БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
·Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
·Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
·Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
·Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
Улс төр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн жилээр сунгалаа.
Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2024” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд уг чуулга уулзалтад “Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидлыг бүрэн эхээр хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа
Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,
Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө.
Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх найрамдалт харилцаа, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна. Харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зарчмыг миний бие байнга анхаарал хандуулж ажиллахаа үүгээр нотолж байна.
Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ким Сүкийн санаачилсан Солонгос-Монголын алсын хараа чуулга уулзалт нь энэ зорилгын төлөө тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ чуулга уулзалт нь ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Таныг чуулга уулзалтын амжилтын нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь 2030 он хүртэлх ТХЗ-ын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын төлөө Тантай хамтран ажиллахаа амлаж байгаагаа дахин баталгаажуулахын зэрэгцээ Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,
“Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн
-
Нийгэм23 цаг өмнө
Олон улс, улсын чанартай авто замуудын засвар арчлалтын ажил үргэлжилж байна
-
Улс төр23 цаг өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
-
Улс төр22 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
-
Нийгэм4 цаг өмнө
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
-
Нийгэм4 цаг өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
-
Спорт3 цаг өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа